15 мянга гаруй иргэн хувьцааны дансаа нээлгэх хүсэлт гаргаж, бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-04 17:35:18
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа брокер, диллерийн “Санар” Үнэт цаасны компанид иргэд данс нээлгэх хүсэлтээ гаргаж, 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт 15004 хүн бүртгүүлсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 116 тоот тогтоолоор тухайн оны  4 дүгээр сарын 11-ний  өдрөөс өмнө төрсөн иргэн бүрт "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлэх шийдвэр гаргаж, 2018 оны 5 дугаар сард дээрх хувьцаанаас ногдол ашиг хууварилахаа зарласан. Гэхдээ ногдол ашиг хүртээхийн тулд хувьцаа эзэмшдэг иргэн бүр брокерын компанид хандан хувьцааны арилжааны данс нээлгэх шаардлага тавьсан байна.

Орон нутагт брокер, диллерийн компани байхгүй байсан учраас аймгийн иргэд дансаа хэрхэн нээлгэх учраа олохгүй байтал өнгөрсөн оны 11 дүгээр сараас “Санар" үнэт цаасны компани үйл ажиллагаагаа эхлүүлж, ийнхүү хувьцааны арилжааны данс нээлгэх иргэдийг бүртгэж байгаа ажээ.

Тус компани данс нээлгэх аяны хүрээнд 15 суманд хуваарь гарган  ажилласан байна.

2011, 2012 оны статистик мэдээгээр тухайн үед Дундговь аймгийн хүн амын тоо 37,700 гаруй байсан бөгөөд ХБИ, тэтгэвэрийн насны иргэд хувьцааныхаа мөнгийн авч, 1989, 1990, 1991 онд төрсөн хүүхдүүд хувьцаагаараа сургалтын төлбөрөө төлсөн байдаг тул аймгийн хэмжээнд одоо данс нээлгэвэл зохих иргэдийн 50 орчим хувь нь тус компанид бүртгүүлжээ.

Холбоотой мэдээ