Цахим сүлжээний хэрэглээ болон сэтгэцийн эрүүл мэндийн хамаарлыг судалжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2019-01-08 11:41:32

ЛОНДОН. /Xinhua/. Цахим сүлжээнд олон цагийг өнгөрүүлдэг өсвөр насны охид сэтгэл гутралд орох эрсдэл өндөр байдгийг тогтоосон судалгааг Их Британийн эрүүл мэндийн сэтгүүлд нийтэлсэн байна.


Лондоны коллеж, их сургуулийн судлаач Ивонне Келлигийн удирдсан судалгааны багийн тогтоосноор, цахим сүлжээнд өдөрт 5-аас дээш цагийг зарцуулдаг охидын 40 хувьд сэтгэл гутралын шинж тэмдгүүд илэрсэн ажээ. Харин энэ үзүүлэлт нь хөвгүүдийн хувьд харьцангуй бага буюу 15 хувиас доогуур байсан байна.


“Цахим сүлжээний хэрэглээ нь сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг судлаачид хараахан тогтоогоогүй ч энэ чиглэлийн нотлох баримт илрүүлснийг сайшааж байна” гэж Сэтгэл судлалын коллежийн захирал асан Саймон Вессели энэхүү судалгааны талаар хэлжээ.


Судалгаанд тэмдэглэснээр, нийт охидын тавны хоёр нь цахим доромжлол болон дарамтын улмаас шаналдаг бол хөвгүүдийн дөрөвний нэг нь үүнтэй ижил шалтгаанаар шаналдаг байна. Мөн охидын 40 хувь нь, хөвгүүдийн 28 хувь нь цахим сүлжээнд донтох зуршлын улмаас нойрны дутагдалд орсон байжээ.


Үүний зэрэгцээ хөвгүүдтэй харьцуулахад охидын олонхи нь өөртөө итгэлгүй байдаг бөгөөд тэд биеийн жин, гадаад байдал зэрэгтээ сэтгэл дундуур явдаг нь тогтоогдсон байна.


Уг судалгааг явуулахдаа 14 настай 11 мянга орчим хүүхдээс ярилцлага авчээ. 

Холбоотой мэдээ