Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 28.5 хувиар өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-01-12 22:45:53

Ховд /МОНЦАМЭ/Ховд аймагт энэ онд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 14 бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 4 хэргээр буюу 28.5 хувиар,  хүнийг алах гэмт хэрэг 3 бүртгэгдсэн нь 2 хэргээр буюу 3 дахин өссөн байна. 

Ховд аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газраас үйл ажиллагаагаа сурталчлах, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдний санал хүсэлтийг сонсох, цаашдын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх зорилгоор 2018 онд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа өнөөдөр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид танилцууллах үеэр дээрх баримтыг мэдээлсэн юм. Иймд гарсан гэмт хэрэг, зөрчилд дүн шинжилгээ хийх, шалтгаан нөхцөлийг тогтоох, урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, олон нийтийн дэмжлэгтэйгээр оновчтой зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байгааг анхаарч ажиллана. Алба хаагчдын мэдлэг, боловсрол, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор баруун бүсийн цагдаагийн хүрээний сургалтын төв байгуулах ажлыг эхлүүлнэ гэж Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батзаяа онцоллоо.  

Дээрх арга хэмжээнд аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн болон байгууллагуудын удирдлага, ажилтан, алба хаагчид, иргэдийн төлөөлөл 200 гаруй хүн оролцсон юм. Энэ үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачлагатай оролцдог зарим байгууллага, аж ахуйн нэгжүүдийг шагнан урамшуулж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын ёс зүйн талаар иргэдээс санал асуулга авав. Иргэд алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, сахилга хариуцлагыг  дээшлүүлэх, төв суурин газрын алслагдсан бүсүүдэд тогтмол эргүүл үзлэг хийх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах, ажилтан, алба хаагчдын ёс зүй, харилцаа хандлагын эерэг нөлөөллийг бий болгох зэрэгт анхаарч ажиллахыг хүслээ.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, түүнийг сайжруулах чиглэлээр энэ онд “Теле камерын хяналтын нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулж, Ховд аймгийн төвд 10 байршил 30 чиглэлд теле камер байрлуулсан нь иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэхэд нэлээд үр дүнтэй байгааг албаныхан мэдээллээ.

                                                                                                                                                   Н.Лхагва


 

Холбоотой мэдээ