Терабитиагийн ертөнц

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2019-01-11 17:05:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/

Бид бүгдээрээ биш ч гэсэн ид шид байдагт итгэдэг хүмүүс бий. Ид шид бидний төсөөллөөс бүтдэг. Хүн бүр өөрийн гэсэн ертөнцтэй. Тэр л ертөнцдөө бүхий л зүйлсийг бодитой мэт төсөөлж, өөрийн хүссэн цэцэг ногоог уруулж, хүссэн амьтадтайгаа уулзаж болно. Энэ бүхнийг “Терабитиа хүрэх гүүр” кино харуулдаг. Зүгээр л нэг сонирхол татсан кино бус. Уг бүтээлээс бага насны гэгээн мөрөөдөл, үерхэл нөхөрлөлийн тухай ихийг ойлгож авна. Гэр бүл юу юунаас илүү үнэ цэнтэй зүйл гэдгийг “Терабитиа хүрэх гүүр” хэлж өгөх болно.


Жесс Аарон эцэг эх, бяцхан дүүтэйгээ Америкийн нэгэн буйд, жижиг хотод амьдардаг 12 настай, зураач болох хүсэлтэй хүү. Ангийнхаа хүүхдүүдэд дээрэлхүүлж, шоглуулж байдаг тул ангидаа ганц ч найзгүй нэгэн. Харин энэ бүхэн удаан үргэлжлэхгүй. Тэдний ангид Лесси хэмээх шинэ охин шилжиж ирснээр тэдний хооронд сэтгэл хөдлөм, сайхан нөхөрлөл бий болно. Охин өмнө нь шилжиж ирсэн сургуульдаа ч найзгүй байсан бөгөөд Жесс түүний дотны ганц найз болж хувирдаг. Харин хүүхдүүдийг хооронд нь холбож буй нэг зүйл бол Лессигийн төсөөлж бичдэг зохион бичлэг, Жессигийн төсөөлөн зурдаг уран зургууд юм. Тэд аль аль нь хэнээс ч илүүтэйгээр ургуулан бодох чадвартай. Хүссэн зүйлээ тэр шүү дээ. Тиймдээ гол мөрөн, ой мод бүхий тэгш сайхан байгаль дунд байх буйдхан хотын уугуул иргэн Жесси хүү шинэхэн найзтайгаа гэрээс холгүйхэн урсах голын дээрээс унжих хуучин олсоор савлуур хийж голын нөгөө талд гарах төдийд Терабитиа хэмээх цоо шинэ ертөнцөд хөл тавьдаг. Тэнд очсон Жесси хаан болж Лесси хатан болно. Гэхдээ үйл хөдлөл бүрээ тэд ургуулан боддог. Сайхан сэтгэлтэй аварга модон хүмүүс, илд барьсан тэмээлзэгэнүүд болоод тэдний мөнхийн дайсан болох хар хүчний эзэд араа шүдтэй зэрлэг хэрэм, галт шувууд зэрэг бүхий л үлгэрийн амьтад хүү охин хоёрын төсөөллөөс л урган гарч буй хэрэг.




Кинонд тун ч санаанд оромгүй эмгэнэлт эргэлт гарах боловч тэрхүү эмгэнэлт явдлаас нийгмийн элдэв ёс зүй, хориг саадад хашигдаагүй төсөөлөл, мөрөөдөл нь чөлөөтэй баялаг хийгээд гэнэн, томоогүй, аливааг тархиндаа бус зүрхэндээ дэндүү ойр хүлээж авдаг хүүхэд насны мөн чанар, угтаа бол хүүхэд нас нь л Жесс хүүг сэтгэлийн хүнд дарамтнаас авардаг.


Төсөөлөл бол зүгээр ч нэг хий хоосон зам биш. Энэ бол бидний амьдралдаа хүсч байгаа зүйлээ  төсөөлөх, тэдгээрийг бодит болгохын тулд ашиглаж байгаа оюун ухааны дээд зарчим буюу оюуны зураглал юм.Анхаарал төвлөрүүлснээр сэтгэл хөдлөл хүчтэй болох ба бидний амьдралдаа хүсч байгаа зүйлдээ хүрэхэд тусалдаг бүтээлч арга билээ. Үүнийг зөвөөр ашиглавал өөрийгөө хөгжүүлж, эрүүл байж, спортын дасгалаа сайн хийх, амьдралынхаа зорилгыг биелүүлэхэд ч тусалдаг.  Яг л Жесситэй адил. Тэр нэгэн хэвийн байдлаар бага насаа өнгөрөөхийг хүсээгүй. Түүнд ямар нэгэн зүйл хэрэгтэй байсныг нь шаргал үст охин олж өгсөн хэрэг.


Угтаа оюуны зураглал нь таныг ямар нэг зүйлийг төгс сайн хийх, хүсч байгаа зүйлээ хийх зэргээ төсөөлөхөд нөлөөлөх ба тухайн зүйлийг бодитоор хийсэн бол гэсэн неврал бүтцийг сэтгэлзүйгээрээ бий болгож байдаг. Тухайн бодол төсөөлөл нь таныг бодитоор хийж байгаатай адил мэдрэлийн системийг идэвхижүүлж байдаг.  Оюун санаандаа ямар нэг зүйлийг хийж байгаагаар эсвэл бэлтгэл хийж байгаагаар төсөөлөх нь хүсч байгаа зүйлээ хийхийн тулд юу хийх хэрэгтэйг чиглүүлэх сэтгэхүйн хэв маягийг бий болгож байдаг.  Хүүхдүүдийн оюуны зураглал үлгэрийн баатрууд, харанхуй хүчний эзэн, тэдгээртэй тулалдахад хэрэг болох хүч, хурдан гүйж, модонд сармагчин мэт авирах арга зам. Энэ мэт тусгай зүйлсийг тархиндаа зураглан төсөөлж, ур чадвараа хөгжүүлэхийн тулд тэд ашиглаж чадсан.  Үүнийг техник байдлаар ашиглан илүү сайн үр дүн, гүйцэтгэлд хүрэх боломжтой. Түүнчлэн илтгэл тавих, сайшаал хүртэх, урьдчилан бэлтгэх шаардлагатай бусад нөхцөл байдлууд гэх мэт бизнес, амьдралдаа ашиглах боломжтой.  Мэдээж Тербитиагийн ертөнц тэдний сайн сайхан амьдралын гүүр нь байсан. Гэхдээ энэ бол кино шүү дээ. Тиймээс зөрчил хэрэгтэй. Харин хамгийн аймшигтай зөрчлийг найруулагч бодож олжээ.


Жесси хүүд өөрийнх нь хааяахан харж, дотроо хайрлаж явдаг дуу хөгжмийн багш нь татгалзахааргүй санал тавих ба “Надтай хамт явж музей үзэх үү” хэмээдэг. Жесси баяртайгаар зөвшөөрнө. Тэр Лессиг дагуулж явъя ч гэж бодсонгүй. Харин гэртээ ирэх үед аав, ээж түүнд Лесси олсоор дамжин голын нөгөө эрэгт гарах гэтэл олс тасарч охин нас барсныг дуулгана. Жесси эмгэнэл илэрхийлэхээр аав ээжтэйгээ гэрт нь очих үед охины аав хүүг тэвэрч “Тэр чамд хайртай байсан. Чи бол түүний цорын ганц найз. Өөр найз нөхөд урьд нь түүнд байгаагүй. Чамд баярлалаа” гэж хэлдэг. Хүнд хэцүү өдрүүдийг Жесси хүү даван гарч төсөөлөлдөө итгэн бүхий л ертөнцийн ид шидийг өөртөө бий болгож чадна. Тэр голын дээгүүр алхаж гарах боломжтой гүүр хийх бөгөөд өөрийн дүүгээ дагуулж очдог. Балчирхан охин ахынхаа гараас хөтөлж Тербитиад хөл тавьж гүнж нь болох бөгөөд ах нь хаан болно. Тэдний ургуулан бүтээсэн ертөнц хэчнээн гайхалтайг та бүхэн киноноос үзэх боломжтой.




“Терабитиа хүрэх гүүр” зүгээр ч нэг ид шидийн тухай кино байсангүй. Бага нас бидэнд ертөнцийг таньж мэдэх орон зайгаар дүүрэн байдаг. Гол нь асуудалд оролцож, өөрийгөө бүтээж чадсанаар маш баялаг амьдралыг бий болгох болно. Гэхдээ энэ бүхнээс хамгийн шидтэй зүйл нь юу вэ гэвэл гэр бүл. Гэр бүл хүүхдийн хувьд шидэт орон зайг бий болгогч чухал ертөнц билээ.

Холбоотой мэдээ