Монголын хамгийн том морин хуурын хөшөө Дундговь аймагт бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-13 20:51:17
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ Дундговь аймгийг дуу хуурын өлгий нутаг гэдгийг харуулсан хамгийн том морин хуур, Хөхөө Намжилийн домгоос сэдэвлэсэн Хүрэл морь, Монгол Улсын түүхэнд олон удаа түрүүлсэн шарга азарга, 1911 оны Үндэсний эрх чөлөөний зүтгэлтэн Г.Чагдаржав, Монголын гүн ухаантан, шашны нэрт зүтгэлтэн Зава Дамдин, 7 хошуу даншигийн Дархан аварга С.Чүлтэм, Монгол улсын 19 дэх Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт, орчин цагийн утга зохиолыг үндэслэгч С.Буяннэмэхийн хөшөө гээд аймгийн түүх, бахархлыг харуулсан хөшөө дурсгалуудыг уншигчдад толилуулж байна.  

  Эрэлхэг эх оронч Чин Ван Гадинбалын Чагдаржавын хөшөө

1911 оны үндэсний эрх чөлөөний зүтгэлтэн, Монгол улсын тусгаар тогтнолд онцгой гавьяа байгуулсан, Монгол улсын анхны сайд Түшээт Чин ван Г.Чагдаржавын гавьяаг хүндэтгэн, түүхэн энэ хүний гавьяаг хойч үедээ таниулах зорилгоор Чагдаржавын хөшөөг 2011 онд Мандалговь хотын төв талбайд мөнхжүүлэн босгожээ.

Чин ван Г.Чагдаржав бол тэр үеийн гадаадын түрэмгий бодлогыг гүнээ ухааран эсэргүүцэж, тусгаар тогтносон Монгол Улсын төлөө улс төр, цэрэг, нийгэм, эдийн засаг, дипломат ёсны бүх арга хэрэгслээр биечлэн тэмцсэн тэргүүн язгууртнуудын нэг юм.

Энэ хүний удирдсан Түр Засгийн газрын үйл хэрэг, Үндэсний эрх чөлөөний хувьсгал үр дүнд хүрч, Богд хаант Монгол Улсаа тусгаар тогтнуулж 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр дэлхий дахинаа тунхаглан зарласан түүхтэй ажээ.

 

  Эрдэмтэн, гүн ухаантан, шашны нэрт зүтгэлтэн, гавж Зава Дамдины хөшөө

Монголын нэрт эрдэмтэн, гүн ухаантан, шашны нэрт зүтгэлтэн, гавж Зава хэмээх Шагдарын Дамдины 140 жилийн ойгоор 2007 онд  Мандалговь хотын Соёл амралтын хүрээлэнд түүний гэгээн дурсгалд зориулан боржин чулуун хөшөөг байгуулжээ.

Уг боржин чулуун хөшөөний өндөр нь 4.50 м хэмжээтэй, 8.5 тонн жинтэй, дугуй суурин дээр боржин чулуугаар бүтээсэн бөгөөд номын хувцсыг агсаж зогсож буй байдлаар дүрсэлсэн.

Хоёр гарыг нь цээжин тус газарт нь алгаар нь нийлүүлэн залбирч буй байдалтайгаар, түүний дээд талд хорчойнжун буюу алтан дэвтэр номыг байрлуулсан байдлаар дүрсэлсэн ажээ. Хөшөөний урд хэсэгт налуулан хийсэн боржин чулуун дээр түүний нэрийг мөнхлөн “Монголын гүн ухаантан, шашны нэрт зүтгэлтэн Заваа Дамдин” хэмээн сийлж боронзодсон байна.

Уг хөшөө нь ямар ч залгаасгүйгээр бүтээгдсэнээрээ онцлогтой ажээ.

 

   “Улсын гавьяат алдарт уран зохиолч” Сономбалжирын Буяннэмэхийн хөшөө

Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошууны нутаг буюу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, улс төр нийгмийн том зүтгэлтэн, уран зохиол, сэтгүүлзүйн сод авьяастан, “Улсын гавьяат алдарт уран зохиолч” Сономбалжирын Буяннэмэхийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, Дундговьчууд 2002 онд түүнд зориулсан хөшөөг босгож, түүний уран бүтээл, нэр алдрыг мөнхөлжээ.

С.Буяннэмэх хэдийгээр нийгмийн ээдрээтэй цаг үед ахархан, ердөө 35-хан насыг насалсан ч  улс төр, олон нийт, нийгэм, урлаг соёл, уран зохиол, сэтгүүлзүй гээд нийгмийн бараг бүхий л салбарт хүчин зүтгэж, улс орондоо ихийг хийж бүтээх эрмэлзэл дүүрэн байсан монголын шилдэг сэхээтнүүдийн нэг байжээ.

Түүний уран бүтээл гэхэд л олон талтай, баялаг агуулгатай байж яруу найраг, үргэлжилсэн зохиол, жүжиг бичихээс гадна, уран зохиолын болон театрын шүүмж, судлал, сэтгүүл зүйн салбарт өгүүлэл, найруулал, тэмдэглэл, сурвалжилсан тэмдэглэл зэрэг олон төрөл, зүйлийг хамран бичдэг авьяаслаг зохиолч, сэтгүүлч байсан аж. 

С.Буяннэмэхийн хөшөөний эскизийг Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн, зураач, барималч Д.Цэрэннадмид гаргасан байдаг. Галын дөлийг билэгдсэн хэлбэртэй чулуунд цээж баримлыг суулган зэсээр хөөлгөж,  чулуун дээр мөн бичигтэй самбар суулгаж өгсөн. Цээж баримлын өндөр 140см, өргөн, 150см, зузаан 40см, чулууны өндөр 450см, өргөн 210см, зузаан 55 см хэмжээтэй ажээ.

 

   Даншигийн их аварга Самбуугийн Чүлтэмийн хөшөө

1800-гаад оны эцэс 1900-гаад оны эхэн үед ид барилдаж, өөрийн нутаг орныхоо нэрийг дуурсгаж явсан Цэцэнхан аймгийн Боржигон цэцэн вангийн хошууны бөх, 7 хошуу даншигийн дархан аварга Самбуугийн Чүлтэмийн хөшөө дурсгалыг 2012 онд Мандалговь хотын төвд босгожээ.

Уг Хөшөө таван метрийн өндөртэй, өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг илэрхийлсэн гурван суурины дөрвөн талд дөрвөн хүчтэнийг товойлгон боржин чулуугаар урласан байна.

С.Чүлтэм анх 1903 оны уул тайлгын наадамд ирж барилдаад 8-ийн даваанд Богдын шавь Намхай аваргад буулгуулж, үзүүрлэн заан цол хүртжээ. Тэрээр 1904 оны уул тайлгын наадмаас эхлэн Богдын шавийн нэрийн өмнөөс барилдаж эхэлсэн байна. Улмаар 1904 оны их даншигт 8 давж шөвгөрөн арслан цол, 1906 оны их даншигт 11-ийн даваанд Лувсанжамба аваргыг даван түрүүлж даян аварга цол хүртжээ. Түүний бөхийн амжилтыг үнэлж 1907 оны бага даншиг наадамд шөвгөрөхөд нь дархан аварга цол шагнажээ.

Чүлтэм аварга их даншигт 1 удаа, уул тайлгад 1 түрүүлж, 3 үзүүрлэсэн. Нийтдээ Монгол наадамд 2 түрүүлж 3 үзүүрлэсэн байна. Түүний хүү Сугар 1921 оны уул тайлгад шөвгөрч начин цолонд хүрч байжээ.

Даншигийн их аварга одоогийн Дундговь аймгийн нутагт 1874 онд төрж, Луус, Дэлгэрхангай сумын нутгаар нутагладаг,  Цагаандэлгэр, Говь-Угтаал сумын нутагт амьдарч байсан байна.

 

  Морьт отрядын жанжин Ч.Мижидийн хөшөө

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, Монгол Улсын Морьт отрядын жанжин, Дундговь, Хэнтий аймгийн дарга, Дотоод яамны орлогч сайд зэрэг хариуцлагатай алба хашиж явсан Ч.Мижидийн гэгээн дурсгалд зориулсан гантиг чулуун хөшөөг 2014 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд байгуулж, түүний алдар, нэрийг мөнхжүүлжээ.

Ч.Мижид жанжны зээ охин Н.Нинжбадгар, түүний нөхөр, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар энэхүү хөшөө дурсгалыг төрөлх нутагт нь ийнхүү бүтээн босгосон байгаа бөгөөд тэд 2007 онд түүний гэр музейг байгуулсан байна.

 

 Төр, нийгмийн зүтгэлтэн Жанлавын Наранцацралтын хөшөө

Дундговь аймгаас УИХ-д хоёр удаа сонгогдож байсан, Монгол Улсын 20 дахь Ерөнхий сайд, Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан, төр нийгмийн зүтгэлтэн Жанлавын Наранцацралт агсны гэгээн дурсгалд зориулан 2008 онд түүний хөшөөг аймгийн төвд цэцэрлэгт хүрээлэнд босгосон байдаг. 

Хөшөө нь 3.4 метрийн өндөртэй, тус хүрэл хөшөөг төрийн соёрхолт уран барималч Л.Ганхуягийн бүтээснээр сүндэрлүүлсэн байна.

Ж.Наранцацралт Газар зохион байгуулагч-инженер, улс төр судлаач, нийгэм, эдийн засгийн газрын эрх зүйч мэргэжилтэй. Газар зүйн ухааны доктор, Монгол Улсын их сургуулийн зөвлөх профессор, Москвагийн Газар зохион байгуулалтын их сургуулийн Хүндэт профессор хүн байжээ.

                                                                                                                                          

    Хамгийн том Морин хуур

Дуу хуурын өлгий Дундговь аймаг нутгийнхаа онцлогийг харуулах зорилгоор 2007 оны 7 дугаар сард нутгийн брэнд болсон Морин хуурыг аймгийн Соёл амралтын хүрээлэнд бүтээн залсан байдаг. Монголдоо хамгийн том Морин хуур болох энэхүү  бүтээл нь 7.5 м өндөртэй, 1.5 м өргөнтэй, 40 см зузаантай бөгөөд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын захиалгаар уран сийлбэрч Ө. Анхбаяр, дархан Л. Цогзол нар бүтээсэн. Уг хуурыг бүтээхдээ толгойг нь модоор сийлбэрлэн гаргаж, хуурын чавхдасыг троссон төмрөөр, их биеийг нь төмрөөр хийж бор шаргал өнгийн бронзон будгаар будаж бүтээсэн.

 

   “Уяхан Замбуу тивийн наран” гэрэлт хөшөө

 

2006 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Их газрын чулуунд морин хуурч, уртын дуучдад зориулан “Байгалийн задгай театр” байгуулсан бөгөөд тус театрын дэргэд зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад нарын нэр алдрыг мөнхжүүлэх зорилгоор гэрэлт хөшөө босгожээ.

Тус гэрэлт хөшөөн дээр “Уяхан замбуу тивийн наран” дууны үгийг сийлэн мөнхөлсөн байдаг байна.

 

  Хүрэл морины хөшөө

Дундговь аймаг 2007 оны 7 дугаар сард Хөхөө Намжилын домгоос сэдэвлэн Жигүүртэй хүрэл морийг аймгийн соёл амралтын хүрээлэнд бүтээн залсан юм.

Энэхүү бүтээл нь 69 см өндөртэй, 191см урт, далавчны урт 105см, өргөн 45см байдаг. Уг морийг аймгийн сүлдээр хийсэн.

Морийг жигүүртэйгээр дүрсэлсэн нь Хөхөө Намжилын домгоос сэдвэлсэн бөгөөд дуу хуурын өлгий нутаг болохыг харуулахыг зорьжээ. Аймгийнхаа 15 сумыг төлөөлүүлж, морьны далавчийг 15 үзүүртэй хийсэн байна. Морьны дээр чандмань гурван эрднийг дүрсэлж өгсөн бөгөөд өөдөө цойлж байгаагаар бүтээсэн ажээ.

 

   Амгалан төрийн ажнай шаргын хөшөө

Монгол төрийн наадамд олон удаа түрүүлж, торгон жолоогоо өргүүлсэн, алдарт хурдан хүлэг  Шарга азаргыг мөгхжүүлж, “Мон уран “компаний захирал Б.Наранхүүгийн санаачилгаар Ажнай шарга азарганы хөшөөг Дундговь аймгийн төвд босгожээ.

Хөшөөний нээлтийг 2011 онд  Дундговь аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн баяр наадмаар 1000 лам хуруулан хийж, байсан түүхтэй.  Мандалговь хотод сүндэрлэн боссон энэ хөшөө нь наран ургах зүгт янцгаан давхиж яваа шарга азаргыг дүрсэлсэн байдаг аж.

Морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчдийн шийдвэрээр 2010 онд эгэлгүй хурдан энэ хүлэгт “Амгалан төрийн ажнай хүлэг” цол олгосон байна.

Холбоотой мэдээ