Хөшөөтийн уурхай өнгөрсөн онд 694.2 мянган тонн нүүрс экспортолжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-01-14 13:30:09

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Булган сум дахь Гаалийн байгууллагаас авсан мэдээгээр Мо-Эн-Ко ХХК-ийн Хөшөөтийн уурхай 2018 онд 694.2 мянган тонн нүүрс экспортолжээ.

Мөн Хөшөөтийн уурхайгаас 30 гаруй компанийн 400 орчим машин нүүрс тээвэрлэж байна.

Тус компани нь орон нутгийн хөгжлийг дэмжих үүднээс экспортолсон нүүрсний 0.7 хувь буюу 1 тэрбум 595 сая төгрөгийг Ховд Хөшөөт хөгжил санд төвлөрүүлж, 2018 онд эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн салбарт  39 хөтөлбөр, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэн ажилласан байна. Тухайлбал, аймгийн болон сумдын эрүүл мэндийн төвд стандартын шаардлага хангасан 100 ширхэг ор, Жаргалант сумын 5 өрхийн эрүүл мэндийн төвд 2 ширхэг зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, 3 ширхэг зөөврийн эхо аппарат хүлээлгэн өгч, Ховд сумын Улаан бураа багт гүүр, Жаргалант сумын Бугат багийн өрхийн эмнэлгийн өргөтгөлийн барилга, Цамбагарав, Буянт багийн гудамжны гэрэлтүүлэг зэрэг нэлээд ажлыг  хийж гүйцэтгэжээ.

Эдгээр ажлын үр дүн, Ховд аймаг болон Мо-Эн-Ко ХХК-ийн 2018 онд хамтран ажиллах гэрээний биелэлтийг хэлэлцэх зорилгоор энэ сарын 11-ний өдөр хуралдаж, гэрээний биелэлт, хөтөлбөр арга хэмжээний хэрэгжилтийг 89,5 хувь гэж дүгнэлээ. Хурлын үеэр аймгийн Засаг дарга хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд аймаг, сум орон нутгийн удирдлагуудтай бүх талаар хамтран ажиллаж байгаа Мо-Эн-Ко ХХК-д талархал илэрхийлээд хэд хэдэн саналыг уламжлав. Мо-Эн-Ко ХХК нь Ховд аймгийн иргэдэд 40 орчим хувийн хөнгөлөлттэй үнээр нүүрс  нийлүүлдэг бөгөөд Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан нөлөөллийн сумдын айл өрхүүдэд нэмэлтээр нүүрсний хөнгөлөлт үзүүлэх асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Мөн Модон-Овоо хэмээх газраас аймгийн төвийн 4 замын уулзвар хүртэлх тав орчим км газрын хөрсний эвдрэл, тоосжилтыг багасгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор ойн зурвас байгуулж, услалтыг хариуцах, гэрэлтүүлэг хийх, сурталчилгааны самбар байршуулах зэргээр хамтарч ажиллахыг уриалсан юм.

                                                                                         Н.Лхагва


Холбоотой мэдээ