БНХАУ-д хугацаа нь дууссан вакцин тарьсан хэргийг мөрдөн шалгаж байна

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2019-01-14 15:05:39

БЭЭЖИН. /Reuters/. БНХАУ-ын зүүн нутгийн Жяньсу мужид ойролцоогоор 145 хүүхдэд хугацаа нь дууссан вакцин тарьсан хэргийг тус мужийн цагдаагийн газрын ажилтнууд мөрдөн шалгаж байна. Энэ тухай “Global Times” сонин даваа гарагт мэдээлэв.


Коммунист намын өдөр тутмын “Global Times” сонинд мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Жиньху тойргийн засаг захиргааны байрнуудын гадна хүүхдүүдийн эцэг эх болон мужийн оршин суугчид цуглаж, замын хөдөлгөөнийг хааж, олон нийтийн эмх журмыг алдагдуулсан ажээ. “Гурван хүнийг баривчлан саатуулсан” гэж цагдаагийн газрын мэдэгдэлд тэмдэглэсэн байна.


Вакцины хугацаа өнгөрсөн оны 12 дугаар сарын 11-нд дууссаныг үл хамааран нэгдүгээр сарын 7-нд хүүхдүүдэд хийсэн байсан аж. Энэхүү хэргийг мөрдөн шалгах тусгай багийг орон нутгийн засаг захиргаа байгуулсан бөгөөд 17 хүнд хэдийнэ шийтгэл ногдуулсан гэж сонины мэдээнд тэмдэглэсэн байжээ.


Өнгөрсөн онд БНХАУ-ын вакцин үйлдвэрлэгч “Changsheng Bio-technology” компани галзуу өвчний вакцины мэдээллийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдож, олон нийтийн дунд ихээхэн дуулиан дэгдээсэн юм. Тус компанид 9.7 тэрбум юань буюу 1.35 тэрбум ам.долларын торгууль ногдуулсан байна. 

Холбоотой мэдээ