Аймгийн шилдгийн шилдэг багшийг 10 сая төгрөгөөр шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-01-15 22:29:10

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг Сайн багш хөтөлбөрийн хүрээнд 100 шилдэг багшаа тодруулж урамшуулжээ. “Багшийн сэтгэл хүүхдэд-5” арга хэмжээ болж энэ үеэр 2018 онд бусдыгаа хошуучлан ажилласан, сурган хүмүүжүүлсэн хүүхдүүд нь улс, аймаг, бүсийн томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцсон, сургалтын арга барилыг шинэ түвшинд хүргэж шинийг санаачлан хүүхэд бүрт хүрч ажиллаж, суралцагч бүр нь амжилттай суралцсан багш нараа урамшуулах ёслол Улиастайд боллоо.

Шилдэг багш нарыг урамшуулах, алдаршуулах, тэдэнд урам өгөх 100 шилдэг багш шалгаруулах ёслолд Завханы 300 гаруй багш сурган хүмүүжүүлэгч боловсролын салбарынхан оролцлоо. Энэ үеэр Завхан аймгийн шилдгийн шилдэг, “Үнэмлэхүй манлай багш”-аар Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн математикийн багш Б.Нямдаваа шалгарч 10 сая төгрөгөөр шагнуулжээ. Харин аймгийн шилдэг 9 багш тус бүр нэг сая төгрөгөөр, шилдэг 90 багш тус бүр 300 мянган төгрөгөөр шагнууллаа. Эдгээр багш сүүлийн нэг жилийн хугацаанд хариуцсан суралцагчдаа амжилттай сургаж улс, бүс, олон улсын тэмцээн уралдаанд өндөр амжилт үзүүлэхэд онцгой анхаарч ажилласан төдийгүй сургалтын шинэ арга барилыг өөрсдийн санаачлагаар хэрэгжүүлж байгаа юм.

Дашрамд Завхан аймаг 2018 онд Хүнээ хөгжүүлсэн нутаг орон хөгждөг хэмээн аймгийн Засаг даргын санаачилгаар Завханчуудынхаа оюунлаг сэтгэлгээг хөгжүүлэх, өөрийнхөө амьдралыг аваад явах чадвартай хөдөлмөрч иргэдийг төлөвшүүлэх, эрүүл нийгмийг цогцлоон бүтээх зорилгоор “Оюунлаг Завханчууд” хөгжлийн хөтөлбөр боловсруулан баталж, тус хөтөлбөрийн хүрээнд “Сайн багш”, “Сайн эмч”, “Сайн малчин”, “Сайн бизнесмен”, “Сайн оюутан” дэд хөтөлбөрүүдийг боловсруулан амжилттай хэрэгжүүлж байгаа ажээ. Харин “Сайн багш дэд хөтөлбөр нь өндөр мэдлэг, ур чадвартай, сайн туршлагаас суралцаж ямагт түгээн дэлгэрүүлдэг,  ажлын байран дээрээ тасралтгүй хөгждөг, манлайлан үлгэрлэдэг, хүүхдийг хайрлаж хүндэлдэг, ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг, хариуцлагатай багшийг төлөвшүүлэх замаар хүүхдийн хөгжлийг хангах зорилгоор тус хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.  

Холбоотой мэдээ