Сүүлийн 40 гаруй жилд зэрлэг амьтдын тоо 60 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-01-16 22:07:00

Ховд /МОНЦАМЭ/ Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас  2018 оны "Aмьд ертөнцийн тайлан"-г олон нийтэд танилцуулах арга хэмжээг өчигдөр Ховд аймагт зохион байгууллаа. Дэлхийн биологийн олон янзын байдлын өнөөгийн төлөв, хэтийн хандлага, байгаль орчин, ан амьтад, хүрээлэн буй орчны талаарх "Амьд ертөнцийн тайлан"-г Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Байгаль хамгааллын захирал Б.Чимэддорж танилцуулсан юм. Тэрбээр эх орныхоо онгон дагшин газар нутаг, баялаг түүх, соёлыг мөнхлөн үлдээх, байгаль экологи, ан амьтдыг хамгаалахад хүн бүрийн санаачлага, оролцоо, манлайлал чухал үүрэгтэй болохыг энэ үеэр онцлон хэллээ.

2018 оны "Амьд ертөнцийн тайлан"-д байгаль экологид хүнээс үзүүлэх сөрөг нөлөөлөл өндөр байгаа талаар тусгаж, асуудлыг тус бүрт нь бүлэглэн дүгнэсэн бөгөөд 80 гаруй эрдэмтэн, судлаач, мэргэжилтний хамгийн сүүлийн үеийн судалгааны дүгнэлт, үнэлгээ, шинжлэх ухааны шилдэг ололтыг багтаасан 4 бүлэг, 140 хуудас тайланг хураангуй байдлаар танилцуулж байгаагаараа онцлог байв. Энэхүү арга хэмжээнд аймгийн байгаль орчны салбар байгууллагууд, төсөл хөтөлбөрийн байгууллагууд болон хууль хяналтын байгууллагын төлөөлөл оролцож, биологийн олон янзын байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, орон нутгийн хэмжээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах талаар харилцан санал солилцсон юм. 

Энэ үеэр биологийн олон янз байдал, ан амьтдын тоо толгойн тогтвортой байдлыг хангах, тэдгээрийн хамгааллыг сайжруулах, хүүхэд багачуудын байгаль экологийн талаарх танин мэдэхүйн мэдээллийг нэмэгдүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах, хууль бус ан агнуурыг таслан зогсоох зэрэг асуудлыг шийдвэрлэхэд салбар байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байгаа талаар хэллээ. 

Мөн аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлөөс “Амьд ертөнц хүүхдийн нүдээр” сэдэвт жүжигчилсэн тоглолт зохион байгуулсан бөгөөд Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн Эко клубийн 100 орчим сурагч жүжгийг үзэж сонирхон, байгаль хамгаалах чиглэлээр орон нутгийн хэмжээнд цаашид хийж хэрэгжүүлэх ажил, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, энэ онд хийж хэрэгжүүлэх 10 гаруй ажлын төлөвлөгөөг хамтран гаргасан байна.


Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн энэ оны “Амьд ертөнцийн тайлан”-д дурдсанаар зэрлэг амьтдын тоо толгой сүүлийн 40 гаруй жилд санаанд оромгүй их хэмжээгээр буюу дунджаар 60 хувиар буурчээ. Энэ нь голчлон ургамлын хэт ашиглалт, хууль бус агнуур, эрчимжүүлсэн газар тариалан, амьдрах орчны хомсдолоос үүдэлтэй аж. Мөн ой, гол, нуур, ус намгархаг газар хамгийн ихээр доройтсон байгаа нь хүний үйл ажиллагааны нөлөө буюу бидний хэрэглээ, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, түүнээс гарах хог хаягдлын хэмжээнээс шалтгаалж байна. Цаашид байгалийн нөөцийг нөхөн сэргээх боломжийг эрэлхийлэх, экологийн сөрөг ул мөрөө бууруулах зайлшгүй шаардлагатай. Байгаа тухай Дэлхийн байгаль хамгаалах сангийн “Амьд ертөнцийн тайлан”-д тэмдэглэжээ.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) нь цэнгэг ус, ой, монгол бөхөн, цоохор ирвэс, туруутны нүүдэл буюу хар суулт, цагаан зээр, хулан зэрэг амьтдыг  хамгаалах, нүүдлийн тогтвортой байдлыг хангах замаар байгаль хамгаалах ажлыг өргөн хүрээнд тодорхой үе  шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд хоёр жил тутамд "Aмьд ертөнцийн тайлан"-г олон нийтэд танилцуулдаг байна.

                                                                                             Н.Лхагва


Холбоотой мэдээ