Huawei-г эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-01-17 12:47:48

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Засгийн газар Хятадын "Huawei" компанийг шалгаж эхэлжээ. Тус компанийг Америкийн түншүүдээсээ арилжааны мэдээлэл хулгайлсан хэрэгт сэжиглэж байгаа тухай "The Wall Street Journal" сонин лхагва гарагт мэдээлсэн байна.


"The Wall Street Journal" сонины эх сурвалжуудын мэдээлснээр, шүүх ажиллагааг хэдийнэ эхлүүлсэн бөгөөд эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн хэргээр удахгүй ял тодорхойлж магадгүй. Арилжааны нууц бүхий мэдээллийг хулгайлсан хэрэгт "Huawei" холбоотой байж магадгүй гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа аж. Уг мэдээлэл нь Америкийн "T-Mobile" компанийн ухаалаг утас туршихад ашигласан төхөөрөмжтэй холбоотой бололтой.


"Huawei" компанийн нэр дээр хэд хэдэн гомдол мэдүүлсний дараа мөрдөн шалгалтыг эхлүүлсэн гэж "The Wall Street Journal" сонинд гарсан мэдээлэлд дурджээ. 2017 онд Сиэтл хотод болсон шүүх хуралд "T-Mobile" компанийн эзэмшдэг технологийг хууль бусаар эзэмшсэн хэрэгт "Huawei" буруутай нь тогтоогдсон байна. Тухайн үед "T-Mobile" компанид 4.8 сая ам.доллар төлөхийг "Huawei"-д үүрэг болгожээ.


Дээрх мэдээлэлд АНУ-ын Хууль зүйн яам болон "Huawei" компани одоогоор албан ёсоор тайлбар хийгээгүй байна.


"Huawei" компани нь ухаалаг утас үйлдвэрлэгч Хятадын тэргүүлэх компаниудын нэг юм. 2017 онд тус компани 47.5 тэрбум юань буюу 7.5 тэрбум гаруй ам.долларын цэвэр ашиг олжээ.

Холбоотой мэдээ