Үйлдвэрлэгч эмэгтэйчүүд бизнесээ өргөтгөх аргад суралцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-01-22 23:23:57

Завхан/МОНЦАМЭ/.Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилтын хүрээнд “Хамтын хүч-Хөгжлийн гарц” эмэгтэйчүүдийн нэгдсэн V чуулган Улиастайд болж өнгөрлөө.

Энэхүү чуулганд Завханы 24 сумын үйлдвэрлэгч 250 гаруй эмэгтэйчүүд оролцож хоёр өдрийн турш өөрийгөө хөгжүүлэх бизнесээ өргөтгөх, хувь хүний хөгжлийн талаарх чухал сургалтуудад оролцжээ. Чуулганы үеэр МЭХ-ны Завхан салбар 2018 онд дэвшүүлсэн хоёр үндсэн зорилтын нэг болох эмэгтэйчүүдээ чадавхжуулахад анхаарч, нийт 40 орчим сургалтад давхардсан тоогоор 1500 хүн хамрагдаж бизнесийн, манлайллын, санхүүгийн, менежментийн, технологийн ур чадварыг эзэмшсэн тухай мэдээлэв. Харин чуулганд оролцогч эмэгтэйчүүдэд амжилт хүсч аймгийн Засаг дарга Д.Батсайхан: -“Өрхийн үйлдвэрлэлээс эхлээд дэмжих боломжтой бүхий л газруудыг бид дэмжиж ажиллахыг зорьсон. Сум бүрийн эмэгтэйчүүд маань дор бүрнээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж орлого олох боломжоо бүрдүүлсэн байна. Харин хэн тууштай ажиллаж байгаа нь цаашид хөгждөг зах зээлийн зарчим бий. Төр бол туслагч болохоос ивээн тэтгэгч биш. Тэгэхээр үйлдвэрлэл хөгжих суурь бодлогыг нь гаргасан түүнийг ажил хэрэг болгох нь та бүхний итгэл, зүтгэлд оршиж байгаа юм” гэв. Үзэсгэлэн худалдаанд авч ирсэн бараа бүтээгдэхүүнүүд жил бүр сайжирч бүтээгдэхүүний чанар, сав баглаа боодлын загвар дизайн гээд сайжирсан байна. Өөрийн гэсэн худалдан авагчидтай ч болжээ. Цаашид үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ олноор үйлдвэрлэх хэрэгтэй хэмээв.

Банктай холбоотой асуудлуудыг ихэвчлэн тавьж байв

Монголбанкны салбараас “Хамтын хүч-хөгжлийн гарц” чуулганд оролцож буй эмэгтэйчүүдэд зориулан “Бизнесийн амжилт-Тѳлбѳр тооцооний чиг хандлага сэдвээр сургалт зохион байгуулжээ.

Энэ нь жижиг дунд үйлдвэрлэгчдэд чухал хэрэгцээтэй цаг үеэ олсон сэдэв бүхий төлбөрийн системийн үйл ажиллагаа, цаашдын хөгжлийн хурдацтай өөрчлөлтөнд харилцагч хэрхэн оролцох, өөрийгээ хөгжүүлэх, харилцагчийн эрх ашиг болоод эрсдлийн хүчин зүйлийг хамгаалах, бууруулах эрх зүйн орчин түүний шинэчлэлийн талаар оролцогч нарт мэдээлэл өгсөн оновчтой сургалт болсон ажээ. 
Сургалтын үеэр Монгол банкнаас оролцогчдоос 14 асуулга бүхий саналыг авчээ. Мөн банктай холбоотой харилцааны зарим асуудлууд, хөнгөлттэй зээл, хүүгийн талаарх сонирхсон асуултандаа эмэгтэйчүүд тодорхой хариултыг авч байв.

Үйлдвэрлэл эрхлэгчдэд боломж бийг дуулгав

Хамтын хүч хөгжлийн гарц чуулганы зохион байгуулагчид бизнес хийх боломж, үйлдвэрлэл эрхлэх нөхцлийг нь бүрдүүлж үүдийг нээсэн. Харин хэрхэн ашиглах вэ гэдэг нь та бүгдийн гарт бий хэмээн онцолж байв.

Учир нь Завхан аймагт олон улсын тусгай төсөл хэрэгжүүлэх болсноо аймгийн Засаг дарга дуулгасан. Уг төсөл таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд Дэлхийн зөн байгууллагын Франц дахь салбар санхүүжилтийн 20 хувийг Европын холбооноос 80 хувийг олгох юм байна. Ийнхүү хамтран ажиллах гэрээний хүрээнд сургалтад хамрагдан мэргэжлийн төвшнийг ахиулах боломжийг бүрдүүлж байгаа аж.  Мөн хоёр дахь шатанд үр бүтээлтэй ажиллах боломжтой үйлдвэрлэгчдийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх юм байна.  Дашрамд дуулгахад чуулганд оролцогч эмэгтэйчүүд ирэх жил энэ арга хэмжээнд гэр бүлийнхнээ оролцуулах саналыг гаргаж байв. Учир нь дийлэнх бүсгүйчүүд гэр бүлийнхээ хамтаар үйлдвэрлэл эрхэлж байгаагаас гадна хамт үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхжуулж зөвхөн эмэгтэйчүүдийн гэхгүйгээр үйлдвэрлэгчдийн чуулганыг зохион байгуулж байхыг хүсэж байв.

Холбоотой мэдээ