Такаичи Санаэ Японы эрх баригч намын даргаар сонгогдов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-10-04 15:02:53

ТОКИО, 2025 оны аравдугаар сарын 4 /NHK/. Японы эрх баригч Либерал ардчилсан намын /ЛАН/ даргаар Эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан Такаичи Санаэ сонгогдлоо.


Тэрбээр намын даргын суудлын төлөө өрсөлдсөн бусад дөрвөн нэр дэвшигчийг ялж, намаа удирдах анхны эмэгтэй болж байна. Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү энэ оны долоодугаар сард болсон парламентын дээд танхимын сонгуульд нам нь ялагдал хүлээсний хариуцлагыг хүлээн огцрохоо есдүгээр сард мэдэгдсэнээр намын даргын сонгуулийг зарласан юм. 


Өдгөө 64 настай Т.Санаэ эхний шатны санал хураалтын дүнгээр 183 санал авч, хоёр дахь шатанд Хөдөө аж ахуйн сайд Коизүми Шинжиротой (164 санал) өрсөлдөхөөр гарсан байна. Хоёр дахь шатны санал хураалтаар тэрбээр 185 санал авсан бол түүний өрсөлдөгчид 156 хүн санал өгчээ.


Хоёр дахь шатны санал хураалтад ЛАН-ын 295 хууль тогтоогч санал өгөх эрхтэй байв. Мөн тус намын 47 мужийн салбар тус бүрд нийт 342 депутат санал өгчээ. Ерөнхий сайдыг томилох парламентын санал хураалт ойрын өдрүүдэд болох төлөвтэй байна.

Холбоотой мэдээ