Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-01-18 15:13:45

Дорноговь /МОНЦАМЭ/. Томуу болон томуу төст өвчлөл аймгийн хэмжээнд нэмэгдэж буйтай холбогдуулан Дорноговь аймгийн Засаг дарга захирамж гаргаж Сайншандын дөрөвдүгээр баг Зүүнбаянгаас бусад сургууль, Замын-Үүд сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нэгдүгээр сарын 21-нээс эхлэн хоёрдугаар сарын 08-ныг дуустал түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа. Харин бусад сумын сургууль хуваарийн дагуу хичээллэнэ.

Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөл аймгийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 19,1 хувийг эзэлж байгаа бол Дорноговь энэ өвчний дэгдэлтээр аймгуудаас хамгийн эхэнд бичигджээ. Нэгдүгээр сарын 14-ны байдлаар тус аймагт томуу болон томуу төст өвчний  нийт 1200 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. 

Мөн Сайншанд, Замын-Үүд суманд олон нийтийг хамарсан үзвэр үйлчилгээ, уулзалт, арга  хэмжээг хязгаарлах, бага насны хүүхдүүдийн дархлааг сэргээх, витаминжуулах, илчлэг, амин дэм сайтай хоол хүнс түлхүү өгөх, сар шинийн баяраар айл хэсүүлэхгүй байхыг эцэг эх, албан байгууллагуудын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв.
Холбоотой мэдээ