Хоолны салбарынхан Төрийн ордонд чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-09-17 14:25:42

Энэ сарын 28-нд “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын улсын II зөвлөгөөн”-ийг төрийн болон ТББ-ууд, хувийн хэвшлийнхэн хамтран Төрийн ордонд зохион байгуулна.

Тус зөвлөгөөнийг Зохион байгуулах Ажлын хэсэг ХХААЯ-ны Хурлын танхимд Монгол Улсын хэмжээнд өнөөдөр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт тулгамдаж байгаа асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх болон II зөвлөгөөний бэлтгэл ажлын талаар танилцуулав.

Одоогоос 50 шахам жилийн өмнө 1966 оны есдүгээр сард тус салбарын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байв. Өнгөрсөн энэ урт хугацаанд олон улсын хөгжил, аялал жуулчлал, шинээр нэвтэрсэн техник, технологи, арга ажиллагаатай уялдан хөгжлийн шинэ түвшинд ирээд байгаа өнөө үед уг салбарт тулгамдсан олон асуудал бий.

Тухайлбал, хоол үйлдвэрлэлийн салбарт төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, хууль эрхзүйн орчинг шинэчлэх, бий болгох, төрөөс үзүүлж буй санхүүгийн дэмжлэгийг уялдуулан чиглүүлэх шаардлага байгаа. Мөн улс, үндэстний хоолны газрууд, түргэн хоолны сүлжээ газрууд болон үндэсний хоолны нэгдсэн нэг хоолны жор, технологийг баталж, мөрдөж ажиллах, хүнсний бүтээгдэхүүний шим тэжээл, химийн бүтэц найрлагыг тодорхойлж, хүснэгтийн эмхэтгэл гаргаснаар хоолны илчлэгийг цэсэнд оруулах, хагас бэлэн боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах шаардлагатай байна.

Тус салбарт ажиллагсадын хөдөлмөрийн болон нийгмийн нөхцлийг сайжруулах, зориулалтын барилга байгууламжаар хангахын зэрэгцээ ур чадвартай мэргэжилтнийг бэлтгэж байхыг өнөөгийн нийгэм хүсч байна. Мөн сургалт, сурталчилгаа, мэдээ мэдээллийг хэрэглэгчдэд үргэлж түгээж байх зайлшгүй шаардлага байгаа юм.

Хоол үйлчилгээний салбарыг үндсэн 2 хэсэгт хуваадаг. Нэгд. Хоол үйлчилгээний бизнесийн байгууллагууд: ресторан, баар, зоогийн газар, кафе, түргэн үйлчилгээний хоолны газрууд багтдаг. Хоёрт. Нийгмийн салбар дахь нийтээр үйлчлэх хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ: ЕБС, коллеж, их дээд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, сувилал, цэргийн анги, ШШБЕГын харъяа газрууд гэх мэт Засгийн газраас зохих хэмжээний тэтгэмж авч санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлдэг.

Иймд тус салбар нь өөрөө батлан хамгаалах, хууль, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, хүн ам нийгмийн хамгааллаас эхлээд бүх салбарт өргөн хүрээнд хамтарч ажилладаг онцлогтой.

Дашрамд сонирхуулахад, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт 1990-ээд оны үед хоолны газрын тоо 200 хүрэхгүй байсан бол 2014 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 1132 ресторан, 567 кафе, 2055 цайны газар, 100 гаруй буфет, сургууль цэцэрлэгийн дэргэдэх 1630 гаруй гал тогоо, эмнэлэг, асрамжийн газрын 412 гал тогоо, үйлдвэр, албан байгууллага, цэргийн ангийн 200 шахам гал тогоо, зам тээврийн харилцааны 200 гаруй хоолны газар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт нийтдээ 250 мянга гаруй ажилтан, ажиллагсад хөдөлмөр эрхэлж байгаа юм. Тус салбарт гадаадын хөрөнгө оруулалттай 100 гаруй хоолны газар үйл ажиллагаа явуулж байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд