Канадын зөвлөх байгууллагын удирдлагын чанарын стандартын талаар сургалт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-21 14:54:38
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ Канадын мэргэжлийн хөгжлийн байгууллагын зөвлөх Мишэл Грийвэс Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын ажилтнуудад удирдлагын ISO 9001  стандартын суурь ойлголт өгч байна. 

Хагас сар үргэлжлэх энэхүү зөвлөх үйл ажиллагаа, сургалтууд нь Канадын Засгийн газрын MERIT буюу “Институцын өөрчлөлтөөр уул уурхайн салбарыг сайжруулах нь” төслийн хүрээнд хийгдэж байгаа ажээ.

Дундговь аймаг 2019 оныг “Бүтээн байгуулалт, иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-ний жил болгон зарлаж, энэхүү зорилтынхоо хүрээнд Засаг даргын үйл ажиллагааны үндсэн чиглэлд  ISO 9001 стандартыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Зөвлөх Мишэл Грийвэс ЗДТГ-ын ажилтнуудыг чанарын, идэвхжүүлэлтийн, баримт бичиг боловсруулалтын, дотоод аудитын, үйлчилгээний гэсэн таван багт хувааж, сургалтын хуваарийг гарган анхны сургалтаа 1 дүгээр сарын 21-ний өдөр  Чанарын багаас эхэлжээ.

Байгууллагын удирдлагын чанарын стандартыг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой энэхүү сургалтаар чанарын удирдлагын тогтолцооны ерөнхий суурь мэдээллийг өгч, стандартын дээрх тогтолцооны 10 бүлэг стандартыг танилцуулж, оролцогчдод байгууллагын төлөв байдлыг ойлгох, төлөвлөлт хийх чадваруудыг олгоход илүү чиглэх ажээ.

Байгууллага дээр ISO 9001 стандартыг хэрэгжүүлж эхлэх хугацаа нь тухайн байгууллагын ажилтнуудын идэвх, санаачилга, чадвараас ихээхэн хамаарна хэмээн тус төслийн зохицуулагч Ө.Удвал хэллээ. 

Холбоотой мэдээ