Зэрлэг амьтад нүүдэллэх, өсч үржих таатай нөхцөл бүрдүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-01-22 14:23:08

Ховд |МОНЦАМЭ| Монгол Улс-ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хоёрдугаар үе шат энэ оноос баруун бүсийн аймгуудад хэрэгжүүлж эхэллээ. 

Төсөл 5 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нэгдүгээр үе шат нь зүүн бүс, хангайн бүс, төвийн бүсийн аймгуудын тусгай хамгаалалттай газруудад 2015-2020 онд хэрэгжиж байгаа юм. 

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төслийн багийнхан энэ сарын 20-21-ний өдрүүдэд Ховд аймагт ажиллаж, төслийн II үе шатны уулзалт, зөвлөлгөөнийг зохион байгууллаа. 

Энэ удаагийн зөвлөлгөөнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, төслийн багийн зөвлөх, багийн ахлагч Bernd Steinhaur-Brurkart /Ph.D/, GIZ төслийн зөвлөх Michael Trockenbrodt /Ph.D/, БОАЖЯ-ны төлөөлөл З.Батжаргал, төслийн үндэсний зөвлөх Г.Гансүх,  Баян-Өлгий, Ховд аймгийн 9 сумын улсын тусгай хамгаалалттай болон байгалийн цогцолборт газрын нөлөөллийн сумуудын дарга болон холбогдох мэргэжилтнүүд оролцож, баруун бүс нутгийн биологийн олон янз байдлыг хамгаалах, байгалийн нөөцийг зөв зохистой удирдан зохион байгуулах талаар зөвлөлдөв.  

Мөн энэ онд Ховд, Баян-Өлгий аймгийн нутгийг хамарсан Мянган Угалзатын Нурууны БЦГ, Мөнххайрханы БЦГ, Булган гол, Их Онгогын БЦГ, Хөх Сэрхийн ДЦГ, Чигэртэйн голын ай савын БЦГазруудад байгаль хамгаалалыг сайжруулах, байгалийн нөөцийн ашиглалт, нийгэм эдийн засгийн хөгжлийн ижил төстэй нөхцөлийг бий болгох, экосистемийн хувьд бие биенээсээ хамааралтай, зэрлэг амьтад шилжин нүүдэллэх, өсч үржих таатай нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаар болов.   

Энэхүү төслийг баруун бүс нутгуудад хэрэгжүүлснээр байгалийн нөөцийг зөв зохистой удирдан зохион байгуулах үйл ажиллагаа өргөжиж, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашигтай байдал сайжрах,  устах аюулд орсон амьтан, ургамлын тоо толгой тогтворжиж, ой, бэлчээрийн хамгаалалт сайжрах улмаар тухайн бүс нутгийн иргэдийн амьжиргааны түвшин дээшлэх, хөгжих чухал ач холбогдолтой болохыг оролцогч талууд онцлон хэллээ. 

Төслийн хүрээнд БОАЖЯ, төсөлд хамрагдсан бүс нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааныхан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” чиглэлээр орон нутгийн иргэдтэй хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны санхүүжилтэд зориулан 9 сая еврогийн буцалтгүй тусламжийг олгохоор шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжих 5 жилийн хугацаанд Увс, Баян-Өлгий, Ховд аймагт 20 гаруй тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон гэж төслийн багийнхан хэлсэн юм.

                                                                                                           Н.Лхагва 


Холбоотой мэдээ