"Монгол тууж"-ийн уралдаан зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-22 19:28:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МЗЭ-ийн 90 жил, "Аз хур" ХХК-ийн 15 жилийн ойг тохиолдуулан "Монгол тууж"-ийн уралдаан зарлалаа. Уралдааныг "Зөв монгол хүн" төслийн хүрээнд "Болор судар" хэвлэлийн газар санаачилжээ. 

Монголын уран зохиолын өв санг туужийн зохиолоор баяжуулах, туужийн төрөл зүйлийг хөгжүүлэх, туужийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилготой энэ уралдааны бүтээлийг өнөөдрөөс, 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, МЗЭ болон "Аз хур" ХХК, "Болор судар" хэвлэлийн газар хүлээн авна. Уралдааны дүнг 4 дүгээр сарын 22 хүртэл зарлах ажээ.

Уралдаанд ирүүлэх тууж нь монголчуудын мөн чанар, хүн чанар, хүн байгалийн харилцан шүтэлцээ, домог зүй, уламжлалт соёл, ахуй амьдрал, оюун санааны давтагдашгүй өвөрмөц байдал, далд нууцлаг оршихуйг илэрхийлсэн байх шаардлагатай юм байна. А4 хэмжээтэй, 40-50 хуудастай байх ёстой. Нэгдүгээр байр 3 сая, хоёрдугаар байр 2,5 сая, гуравдугаар байр 2 сая, дөрөвдүгээр байр 1 сая, тавдугаар байр 500 000 төгрөгийн шагналтай. Уралдаанд ирсэн туужуудыг эмхэтгэн, тусгай түүвэр болгон хэвлэнэ гэж "Болор судар" хэвлэлийн газраас мэдээллээ.  

Холбоотой мэдээ