Завханд махны үнэ 2000 төгрөгөөр нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-01-22 23:00:09

Завхан/МОНЦАМЭ/.Удахгүй болох гэж буй Цагаан сарын баярын гол хэрэглээ болсон сүү, цагаан идээ, махны ханш ямар байгааг судлахаар Улиастай сумын гурван том худалдааны төвөөс мэдээлэл бэлтгэлээ. Завхан аймагт мах, сүүний үнэ өссөн дүнтэй байна.

Тухайлбал малчдын гар дээрээс борлуулж байгаа хөлдүү сүү нэг кг нь 3000 төгрөг, нэг тогооны өрөм 15000-18000 төгрөг, шар тос-18000, ааруул кг нь 12000-15000 төгрөг байна. Харин хүнсний зах, худалдааны төвийн лангуун дээр борлуулж буй сүү нэг литр нь 3300-3500 төгрөг, ааруул 15000 төгрөг, шар тос, цагаан тос  нэг кг нь 10000 төгрөгийн үнэтэй байна. Өнгөрсөн жилийн мөн үеэс сүү 500-800 төгрөгөөр, ааруул 1000-1300 төгрөгөөр, өрөм 3000 төгрөгөөр нэмэгджээ. Сүү, цагаан идээний олдоц сайн байна. Харин Дөрвөлжин сумын Хар бутны зэрлэг чацаргана нэг сарын өмнө нэг кг нь 5000 төгрөгөөр зарагдаж байсан бол өнөөдөр 6500 төгрөг болжээ. Зэрлэг чацарганы олдоц муу байгаа. Таримал чацаргана нь нэг кг нь 3500 төгрөг байсан бол нэг сарын дараа 4500 төгрөг болж үнэ нь нэмэгдсэнхэмээн худалдаачид мэдээлэл өглөө.

Ямааны шулсан мах эрэлт ихтэй байна гэв

Худалдааны төвийн махны лангуун дээр 2018 оны 12 дугаар сард хонины мах 4000, үхрийн мах 5000 төгрөг, ямааны мах 3000 төгрөгөөр тус тус зарагдаж байжээ. Гэтэл нэг сарын дараа буюу 2019 оны нэгдүгээр сарын 22-ний байдлаар хонины мах 6500 төгрөг, үхрийн мах 7000 төгрөг, ямааны мах 5000 төгрөг болж 200-2500 төгрөгөөр тус тус нэмэгджээ.

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн элсэн чихэр, цагаан будааны үнэ өнгөрсөн жилээс нэмэгдээгүй байна. Харин нэгдүгээр зэргийн гурилын үнэ 300 төгрөгөөр нэмэгджээ. Худалдаачдын хэлснээр Завханчууд ихэвчлэн үхрийн махыг худалдаж авдаг бөгөөд хонины мах нэг их зарагддаггүй, авсан  чкг-аар нь биш гулуузаар нь их худалдаж авдаг гэлээ. Цагаан сартай холбоотойгоор ямааны шулсан цул мах эрэлт ихтэй гүйлгээ сайтай байгаа юм байна. Завхан аймагт нэгдсэн гурван зах үйл ажиллагаа явуулдагаас мах сүүний чиглэлээр дагнасан зах байдаггүй. Өнөөдөр аймгийн хэмжээнд махны худалдаа эрхэлдэг 30 гаруй лангуу түрээслэгч байдаг. Тэдний хэлснээр махны үнийг махны худалдаачид биш, харин малчид өөрсдөө хөөрөгддөг. Өндөр үнэтэй малаа борлуулдаг. Олдоц ховор, малчид өөрсдийн гар дээрээс гудамжинд зогсоод худалдаа хийж үнийн хөөрөгдөл бий болдог гэж байлаа. 

Холбоотой мэдээ