Аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тогтоолын төслийг буцаалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзэж, санаачлагчид нь буцаалаа.
Улс орны хөгжилд төрийн аудит чухал нөлөөтэй бөгөөд нийгэмд үзүүлэх үр нөлөөг сайжруулах үүднээс “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан хэмээн Д.Тогтохсүрэн гишүүн танилцууллаа. Тэрбээр, “Тогтоолын төслийг баталснаар хяналттай, хариуцлагатай аудитын тогтолцоог бий болгож, төрийн аудитын хөгжлийг олон улсын чиг хандлагад нийцүүлэн, улмаар тус байгууллагын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хараат бус байдлыг бэхжүүлэхэд туслана хэмээн үзэж байгаа юм. Мөн төрийн өмч, хөрөнгийг зөв зохистой, үр ашигтай ашиглах, олон нийтэд үнэн зөв, бодит мэдээлэл хүргэхэд чухал ач холбогдолтой” хэмээв.
Уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Батнасан, Б.Баттөмөр,
Л.Мөнхбаатар нар санаачилсан бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Үндэсний аудитын
газрын аудиторууд багтжээ.
Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр Б.Энх-Амгалан гишүүн, “Улсын аудитын
байгууллага идэвхтэй ажиллаж, Тавантолгой, АСЕМ-ын 11 дүгээр уулзалт болон
агаарын бохирдлыг бууруулах чиглэлд зарцуулсан хөрөнгөд хяналт шалгалт хийсэн. Гэхдээ
төсвийн хөрөнгийг үргүй зарцуулсны дараа бус түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлд
ажиллах талаар тогтоолын төсөлд зохицуулалт тусгасан уу” хэмээн тодрууллаа.
Аудитын байгууллага гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж байгаа бөгөөд нийцлийн
буюу урьдчилсан аудит хийхэд боловсон хүчин дутагдаж байгааг Ерөнхий аудиторын
орлогч бөгөөд Тэргүүлэх аудитор С.Оюунбилэг дурдав. Мөн цаашдаа урьдчилсан
аудитын шалгалтыг тогтмол хийдэг болох зорилт тавин ажиллаж буйгаа хэлсэн юм.
Харин Ц.Мөнх-Оргил гишүүн, “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд “Салбаруудын
төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг Засгийн газар боловсруулж өргөн барьж,
батална” гэж заасан. Энэхүү тогтоолын төслийг УИХ-ын гишүүд өргөн барьсан нь
дээрх хуулийг зөрчих магадлалтай” хэмээв.
Тогтоолын төслийг санаачлагч Б.Баттөмөр гишүүн, “Тогтоолын төсөл
санаачлахдаа Засгийн газарт хандсан. Харин Засгийн газар энэхүү тогтоолын
төслийг гишүүд боловсруулаад, УИХ-аар батлуулах нь зөв гэсэн тайлбар ирүүлсэн”
гэлээ.
Мөн Д.Оюунхорол, Н.Оюундарь гишүүн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай
хуулийн дагуу “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” тогтоолын
төслийг Засгийн газар өргөн барих нь зөв. Тиймээс төсөл санаачлагчид энэхүү
тогтоолоо эгүүлэн татах нь зөв хэмээсэн юм.
Харин Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг гишүүн Үндэсний аудитын газар УИХ-ын
харъяа байгууллага тул тогтоолын төслийг батлах нь зөв гэсэн санал хэллээ.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72 хувь
тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзэж, санаачлагчид нь буцаав.
Чуулганаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.