2018 онд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 4.5 хувьд хүүхэд оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-25 13:40:43
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Цагдаагийн хэлтсийн мэдээллээр өнгөрсөн онд аймгийн хэмжээнд нийт 266 гэмт хэрэг үйлдэгдэж, гэмт хэрэгт холбогдогчдын тоо 183 болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 12.3 хувиар өссөн байна. Нийт гэмт хэргийн 17 хувийг согтуугаар, 9.1 хувийг бүлэглэж, 4.5 хувийг эмэгтэй хүн, 4.5 хувийг хүүхэд оролцож үйлдсэн ажээ.

Нийт гэмт хэргийн тоо өнгөрсөн оныхоос 23.1 хувиар өссөн бөгөөд хүчингийн хэрэг, хүний аиь насыг санаатай бүрэлгэх гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийн хулгайн хэрэг, залилангийн хэрэг, малын хулгайн хэрэг нэмэгдсэн байна.

Харин танхайрах, булаалт, гал түймэр, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг, албан тушаал, золгүй учралын гэмт хэрэг гараагүй байна. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын хэрэг, бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг, дээрмийн хэрэг буурчээ.

Бүртгэгдсэн нийт хэргүүдийг өнгөөр нь авч үзвэл 29 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын хэрэг, 39.5 хувийг хулгайн хэрэг, 6.1 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг хэрэг, 1.5 хувийг хүнийг санаатай алах гэмт хэрэг, 7.9 хувийг малын хулгайн гэмт хэрэг, 1.5 хувийг хүчиндэх, 3.7 хувийг залилангийн хэрэг, 0.7 хувийг дээрмийн хэрэг эзэлж байгаа аж.

18 ба түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэргийн тоогоор Дэлгэрцогт, Сайнцагаан, Баянжаргалан, Хулд  сум анхаарал татаж байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 896,1 сая төгрөг, түүний 36.2 хувь буюу 324.6 сая төгрөгийг нөхөн төлүүлээд байгаа ажээ.

Харин гэмт хэрэг илрүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс 6.6 хувиар буурч, 57.5 болсон байна. 

Холбоотой мэдээ