Иргэний зорчих эрхийг хязгаарлахтай холбоотой заалтыг 2021 оноос хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.
Хуулийн төсөлд, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар
зүйл буюу иргэний зорчих эрхийг хязгаарлахтай холбоотой заалтыг энэ оны нэгдүгээр
сараас хэрэгжүүлэх байсныг 2021 он болгож хойшлуулахаар тусгасан байна.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, “Иргэний зорчих эрхийг хязгаарлахдаа цахим
хяналтын төхөөрөмж ашиглахаар төлөвлөсөн. Энэ дагуу “Цахим хяналт, удирдлагын
төв”-ийг БНСУ-ын “Эксим” банкны 9.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр
байгуулахаар болж, ТЭЗҮ-ийг боловсруулсан юм. Харин БНСУ-аас тус төвийг байгуулах
төсвийг 16.1 сая ам.доллар болгон өсгөх санал ирүүлсэн. Манай Улсаас
төсвийг хамгийн ихдээ 10.4 сая ам.доллар байх саналыг Солонгосын талд дахин
хүргүүлээд байна. Энэ асуудал хараахан шийдэгдээгүй, зорчих эрхийг хязгаарлах
ялыг хэрэгжүүлэхэд шаардагдах цахим бугуйвч, түүний техникийн үзүүлэлт,
дагалдах тоног төхөөрөмжүүдийн төрөл тодорхой болоогүй байна. Тиймээс Эрүүгийн
хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийг 2021 оны нэгдүгээр
сарын 01-нээс дагаж мөрдөхөөр төсөлд тусгасан” гэлээ.
Ийнхүү санал хураахад, байнгын хорооны гишүүд хуулийн төслийг хэлэлцэхийг 100 хувь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.