Улсын сайн малчин Н.Гомбо таван залуу малчныг 120-оос дээш малаар малжуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-02-04 00:45:27

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгаас энэ жил улсын аварга малчин тав, улсын аварга тариаланч нэг тодорлоо. Хөдөлмөр зүтгэлээ өндрөөр үнэлүүлсэн улсын аварга малчин, алтан төлийн эзэн, улсын аварга тариаланчдын шагналыг Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Я.Санжмятав, аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар гардуулж өглөө.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Завхан аймгийн Ургамал сумын Тосгуур багийн малчин Ю.Мөнхбат, Цэцэн-Уул сумын Сангийн далай багийн малчин Г.Дашдорж, Эрдэнэхайрхан сумын Хайрхан багийн малчин Н.Гомбо, Их Уул сумын Цэцүүх багийн малчин Б.Мөнхбат, Тэс сумын Баян-Уул багийн малчин Б.Хоролсүрэн нар малаа таван төрөл дээр нь өсгөж, залуу малчдыг дадлагажуулан сургах, мал маллах арга ухаан, малын түүхий эдээ үр ашигтай зарцуулсан гэхчлэн үзүүлэлтүүдээр шалгарчээ. Эдгээр малчид сүүлийн гурван жил дараалан малаа таван төрөл дээр нь өсгөхийн зэрэгцээ сумынхаа амьжиргааны түвшин доогуур, цөөн малтай өрхүүдэд тодорхой хэмжээний толгой мал өгч малжуулсан байна. Мөн малынхаа чанарыг сайжруулж, мал аж ахуйн салбарт багагүй хөрөнгө оруулалт оруулжээ. Тухайлбал улсын аварга малчнаар тодорсон Эрдэнэхайрхан сумын  Хайрхан багийн малчин Надалдоржийн Гомбо нь 1995 оноос хойш 20 гаруй жил үе дамжин мал маллаж байгаа бөгөөд сумынхаа мал цөөтэй, залуу малчин таван өрхөд тус бүр 120-оос дээш төллөх бог малаар малжуулжээ. Эдгээр залуу малчдыг малжуулаад зогсохгүй, сайн малчин хүний жишиг өвөлжөө ямар байх, малаа хэрхэн онд оруулж төл хүлээн авах, уламжлалт мал маллах арга ухаанаасаа зааж сургажээ. Тэрээр энэ жил адуу, үхэр, ямаа, хонь гэхчлэн 2300 гаруй малыг тоолуулсан бөгөөд мөн аймгийн алдарт уяач хүн юм. Түүний улсын сайн малчны хүндтэй шагналыг УИХ-ын гишүүн З.Нарантуяа, аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа нар хотонд нь очиж гардуулан өглөө.

Н.Гомбо:Мотоцикль, машин, трактороор мал хоргоох залхуу малчид олшроо юу даа гэж эмзэглэх юм

Энэ үеэр Улсын сайн малчин Н.Гомбо: “-Монгол малын арвин цагаан буян үргэлж өсөн дэлгэрч байх болтугай. Ер нь малын буян их юм. Өнөөдөр энэ их хүндтэй шагнал бол бидний гэр бүлийн, бас өдөр бүр асууж сурдаж явдаг залуу малчдын минь хамтын хөдөлмөр юм. Мал маллана гэдэг их ухаан байдаг. Бог малаа өдөр бүр хариулж, бодоо өдөр залж, шөнө манах буюу хотлон хононо. Мал таргалуулах ажил бол малын бодисын солилцоог удирдах нарийн мэдлэг шаардагдсан нөр ажил. Мөн хагсааж уралдуулах, үе үе өлсгөж өл даадаг болгох, хүйтэн болмогц шөнө уяж өлчиржүүлэх, ойр зуур унахаас эхлэн янз бүрийн аргаар эдэлгээ даадаг болгох, уургач, жороо, арилжаа явдал сургах, малынхаа өгөөжийг хүртэх зэрэг олон ажлыг манай малчид жилийн турш хийдэг. Малын их өгөөжөөс онцгой ач холбогдолтой жишээг хэлье. Малын өтөг бууц бол малчдын бэлэн түлш, малын хэвтэр, гэрийн дулаалга болдог төдийгүй аюулт өвчнийг эдгээдэг эм шүү дээ. Мал маллахад, ялангуяа бэлчээр сонгох, цас, гол ус гатлах салхи жавар сөргөх, бэлчээх, хотлоход нь хүртэл малчид гярхай байх учиртай гэдгийг би залуу малчдад сургадаг юм. Өнөөдөр бүх хэрэгцээгээ өөрсдөө хангадаг байсан малчин өрхийн үйлдвэрлэл бүрэн зогсч, бэлчээр сонгон алс нүүхээ больж, мотоцикль, машин, трактороор мал хоргоох залхуу малчид олшроо юу даа гэж эмзэглэх юм. Бэлчээр хомсдоод шимт ургамлын төрөл цөөрөөд, цэвэр ус багассаар хөрсийг хог өвс эзэлж, суурин бараадсан малчдын нутаг цөлжиж, мал гүйцэд тарга авахаа болиод байгааг монгол хүн бүр эргэцүүлэн бодох цаг болсон шүү” гэлээ.

Алтан тугалын эзэн багийн эмч нарыг малжуулжээ

Завхан аймгаас алтан төлийн эзнээр Ургамал сумын Лхамсүрэнгийн Түмэн-Ѳлзий, Баянхайрхан сумын Гончигпаламын Чимэдрэгзэн, Цагаанхайрхан сумын Баасанжавын Загдбазар, Тэлмэн сумын Цэрэндоржийн Батцоож, Их-Уул сумын Сүхийн Чимэдбавуу, Нѳмрѳг сумын Жамбалдоржийн Ѳвгѳнбазар нар тодорчээ.

Ийнхүү 41 дэхь жилийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс Монголын радиогийн "Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит "Алтан тугалын эзэн” шагналыг Цагаанхайрхан сумын малчин хүртжээ. Энэхүү шагналыг Улсын аварга малчин цолны угтал гэж малчид бэлгэшээдэг нэр хүндтэй шагнал юм байна. Алтан тугалын эзэн малчин Б.Загдбазар нь энэ жил залуу малчдыг төллөх малаар малжуулахаас гадна тэдэнд мал маллах арга ухааныг зааж сургажээ. Мөн сумандаа олон нийтийн үйл ажиллаганд идэвхтэй оролцож ивээн тэтгэхээс гадна эрүүл мэндийн салбар, боловсролын салбарт багагүй хандив дэмжлэгийг үзүүлж бусад малчиддаа үлгэр жишээч нийгмийн идэвхтэй малчин юм байна. Тэрээр сүүлийн дөрвөн жил сумын хошой аварга малчнаар шалгарсан төдийгүй жил бүр малаа дөрвөн төрөл дээр нь өсгөн үржүүлсэн аймгийн аварга малчин, алдарт уяач хүн юм. Энэ жил тэрээр сумынхаа багийн эмч нарыг малжуулжээ. Аймгийн Засаг даргаас “Алтан төл”-ийн эзэн хэмээх хүндтэй шагналаа гардах үеэр тэдний хотонд анхны төл мэндэлсэн сайхан үйл явдал тохиожээ. 


Холбоотой мэдээ