Сургууль, цэцэрлэгүүд цонх, хаалганаасаа дулаан алдалт ихтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-02-15 10:17:07
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Айл өрх болон сургууль, цэцэрлэгүүд хүйтэн байна гэсэн дуудлага “Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХК-д олон ирэх болжээ. Үүний дагуу тус байгууллага үзлэг хийхэд сургууль, цэцэрлэгүүдийн дийлэнх нь цонх, хаалганаасаа дулаан алдсан байж. Иймд яаралтай дулаалах заавар өгч, шаардлагатай бол мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах хэрэгтэй гэжээ.

Гэвч сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирал, багш нар арга хэмжээ авахгүй, халаалтаа нэмэхийг хүссэн байна. “Эрдэнэт Дулааны Цахилгаан Станц” нь Улаанбаатар хот дахь  IV Дулааны цахилгаан станцаас халаалт, дулааны горимоо авдаг тул аймгийн хэмжээнд дур мэдэн нэмж, хасах эрх байдаггүй ажээ. Үүнийг олон удаа тайлбарлаж мөн айл өрх, аж ахуйн нэгж байгууллага паараа мэргэжлийн байгууллагаар угаалгаж, цэвэрлүүлэх хэрэгтэй хэмээн зөвлөсөн ч үүнийг үл ойшоодог байна.

Өнөөдрийн байдлаар  3, 5, 6 дугаар хороолол болон сургууль, цэцэрлэгүүд хүйтэн байна гэсэн гомдол олон ирээд байгаа ажээ. Уг нь “Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХК, Хотын захирагчийн алба, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс хамтран “Дулаан алдалтыг бууруулах” чиглэлээр айл өрх, аж ахуйн нэгжүүдэд сургалт зохион байгуулж цонх, хаалга, таазаа хэрхэн дулаалах, ямар материал сонгох, ашиглах талаар хэд, хэдэн удаагийн заавар өгсөн байна. Гол нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хариуцлага, өвөлжилтөнд бэлдэх байдал хангалтгүй байгаагаас хүүхдүүд даарч байна хэмээн мэргэжлийн байгууллагууд хэлж байна. 

Холбоотой мэдээ