Скрипалийн биеийн байдал мууджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-02-18 11:07:07

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын /ТЕГ/ хурандаа асан Сергей Скрипалийн биеийн байдал муудсан тухай “Times” сонин эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.


“Скрипальд гэрт нь эмчилгээ хийж байгаа” гэж Их Британийн тагнуулын газар дахь эх сурвалж мэдээлсэн байна.


“Times” сонинд мэдээлснээр, эмч нар түүнийг бүрэн эдгэрэхгүй байх вий гэж санаа зовниж байгаа аж. “Скрипалийг хордуулсан бодис нь бие махбодийн ихэнх хэсэгт задарч, гадагшладаг байж магадгүй боловч үр нөлөө нь удаан хугацаагаар үргэлжилж болзошгүй” гэж Нотингемийн их сургуулийн шинжлэх ухааны ажилтан Уэйн Картер ярьсныг тус сонинд иш татжээ.


Их Британийн Цагдаагийн газар дахь эх сурвалжийн мэдээлж буйгаар, Скрипаль хэсэг хугацаанд эмчилгээ хийлгэнэ. “Хордуулах үед залуу, эрүүл байсан охин Юлиятай нь харьцуулахад Сергейн биеийн байдал тухайн үед сайнгүй байсан” гэж эх сурвалж хэлжээ.


Их Британийн талд тагнуул хийсэн хэргээр эх орондоо ял сонссон ОХУ-ын ТЕГ-ын хурандаа асан Скрипаль болон түүний охиныг өнгөрсөн оны хавар Английн Солсбери хотод хордуулсан нь олон улсад шуугиан тарьсан билээ. Скрипалийг “А234” бодисоор хордуулсан хэрэгт ОХУ холбоотой гэж Лондоны эрх баригчид үзэж байгаа бол Москва үүнийг эрс эсэргүүцэж байгаа юм.

Холбоотой мэдээ