Хоёр Ганаа "Халуун зүрх" кино бүтээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-19 16:08:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУСТА жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг хоёр нийлж уран бүтээл туурвих болсон байна. Хоёр Ганаа нийлж "Аримун" нэртэй продакшн байгуулж, анхныхаа дэлгэцийн бүтээлийг дуусгах дөхжээ.

Тодруулбал, тэдний хамтын бүтээл "Халуун зүрх" киноны зургийг авч дууссан байна. Уг нь 10-аад жилийн өмнө Улсын драмын эрдмийн театрын тайзнаа ид гялалзаж явсан жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарыг "Хувьсал" продакшн "урвуулж" олон үзэгчдийн анхаарлыг татсан кинонууд бүтээж байлаа. МУГЖ  У.Уранчимэгийн хамгийн ойр дотны дүү бөгөөд хамтран ажиллаж байсан хоёр Ганаа буюу  Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар тусдаа гарч, уран бүтээлээ хийхээр шийдсэний үр дүнг дээрх кино харуулна. Хоёр Ганаагийн гар нийлсэн "Халуун зүрх" кино удахгүй нээлтээ хийнэ.

Шинэ уран бүтээлийн зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичиж, найруулагчаар нь Д.Ганцэцэг ажиллажээ. Киноны зургийг 2018 оны наймдугаар сард эхэлж, энэ оны 2 дугаар сарын 2-нд сүүлийн зургийг авч дуусжээ. Бүрэн хэмжээний уран сайхны киноны гол дүрд МУСТА А.Ганчимэг, жүжигчин, найруулагч Б.Тамир, жүжигчин Д.Ганцэцэгийн бага хүү тоглосон байна.

Холбоотой мэдээ