ХСИС хар тамхитай тэмцэх танхимтай боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль сахиулахын их сургууль олон улсын жишигт нийцсэн сургалт, судалгаа явуулах, “Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор “Хар тамхины гэмт хэрэг мөрдөх арга зүй” танхим байгууллаа.
Тус танхим нь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлдөг бодис хэрэглэсэн эсэхийг шалгах зориулалт бүхий ХБНГУ-д үйлдвэрлэсэн, иж бүрэн "Elisa" аппарат, хар тамхины гэмт хэргийн нөхцөл байдал, тархцыг харуулсан газрын зураг болон шинжилгээ хийх зориулалт бүхий тоног төхөөрөмжөөр хангагджээ.
Хар тамхи хэрэглэсэн эсэхийг шалгах "Elisa" аппарат нь хүний цусан дахь мансууруулах бодисын хэмжээ, төрлийг илрүүлдэг лабораторын төхөөрөмж бөгөөд их сургуулийн сонсогчид сургалтын зориулалтаар ашиглах, дадлага хийх боломжтой аж.
Түүнчлэн БСШУСЯ-наас 2017-2018 оныг “Багшийн хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан ХСИС-ийн захирлын тушаалаар Багшийн хөгжлийн төвийг байгуулжээ. Энэхүү ажлын хүрээнд багш нарын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, шаталсан сургалт зохион байгуулах зорилгоор багшийн хөгжлийн танхимыг тохижуулан багш нарын онол, арга зүйн сургалт зохион байгуулахад бэлэн болгосон байна.