Барилгын хөгжлийн төвтэй гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-02-20 20:36:26

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар тус аймагт хэрэгжүүлэх барилга байгууламжийн ажилд захиалагчийн хяналт гүйцэтгүүлэх гэрээг Улаанбаатар хотод Барилгын хөгжлийн төвтэй энэ оны хоёр дугаар сарын 14-нд байгуулжээ.

Барилгын хөгжлийн төвийн дарга Ц.Амарсанаа, Ховд аймгийн ГХБХБГ-ын дарга Б.Баярсүх нар харилцан тохиролцож гэрээнд гарын үсэг зуржээ. Энэхүү гэрээ нь Монгол Улсын Барилгын тухай хууль тогтоомж, Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32,1,9 дэх хэсэгт заасан дүрэм, Барилгын хөгжлийн төвийн захирлын 2017 оны А/22 дугаар тушаалаар батлагдсан “Захиалагчийн техник хяналтын журам”, бусад холбогдох хууль тогтомжийн дагуу орон нутагт улсын төсөв болон бусад эх үүсвэрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний барилга угсралтын үе шатны ажилд хяналт тавьж, гүйцэтгэлийн санхүүжилтийг баталгаажуулах, зохицуулах, харилцан хүлээх үүргийг тогтоох зорилготой юм.

                                                                                                                        Н.Лхагва


Холбоотой мэдээ