“Ус биднээс ухамсар хүсэж байна-VI” сэдэвт сарын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-02-25 12:35:03

Ховд /МОНЦАМЭ/ Хар нуур-Ховд голын сав газрын захиргаанаас дэлхийн усны өдрийг  “Хүн бүр ус уух эрхтэй” уриан дор угтаж, цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах зорилгоор “Ус биднээс ухамсар хүсэж байна-VI” сэдэвт сарын аяныг хоёрдугаар сарын 21-ний өдрөөс  эхэллээ.

Энэхүү сарын аяны хүрээнд Усны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хүүхэд багачуудад экологийн боловсрол олгох, байгаль орчноо хамгаалах ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн 10 гаруй ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Ховд, Баян-Өлгий аймгийн хэмжээнд ус, усан орчин ашиглаж үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд “Ус амин эрдэнэ” сэдэвт хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулж, тус аймгуудын томоохон ус ашиглагч 6 аж ахуйн нэгжид хяналт, шалгалтын ажил хийж, 2019 оны ус ашиглуулах дүгнэлт гаргах юм. Мөн байгаль орчны улсын байцаагч, газрын даамлуудыг чадваржуулах сургалт явуулж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын мэдлэгийг сорих, усыг хайрлах, гамнах сэтгэлгээг төлөвшүүлэх, усыг дээдлэх, эрхэмлэх ардын уламжлалт зан заншлыг өвлүүлэн үлдээх зорилго бүхий гар зураг, эссэ бичлэгийн уралдаан зарлах зэрэг томоохон арга хэмжээнүүдийг тусгай хөтөлбөр, удирдамжийн дагуу зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэхүү аяны үр дүнд  байгаль орчны байгууллагуудын хамтын ажиллагаа сайжрах, иргэд, аж ахуйн нэгжүүдэд усны зүй зохистой хэрэглээ, ашиглалт бий болгох, хүүхэд багачуудад усаа хайрлан хамгаалах сэтгэлгээ, хандлага төлөвших чухал ач холбогдолтой гэж зохион байгуулагчид хэллээ. Тус аян гуравдугаар сарын 22-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 

                                                                                                                          Н.Лхагва


Холбоотой мэдээ