Лос-Анжелест Оскарын наадам эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2019-02-25 10:18:59

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотод “Оскар”-ын шагнал гардуулах ёслол эхэллээ. Шагнал гардуулах ёслолыг телевизийн “ABC” суваг шууд дамжуулж байна.


Энэ жилийн наадамд Грекийн найруулагч Йоргос Лантимосын “The Favourite”, Мексикийн найруулагч Альфонсо Куароны бүтээл “Roma” кинонууд хамгийн олон буюу нийтдээ 10 төрөлд нэр дэвшжээ. Найруулагч Брэдли Куперийн “A Star is Born” болон Аддам Маккейн найруулсан “Vice” кино найман төрөлд, Райан Куглерын уран зөгнөлт бүтээл болох “Black Panther” долоон төрөлд нэр дэвшсэн байна.


Америкийн кино урлагийн академийн шагнал гардуулах анхны ёслол Лос-Анжелес хотын “Hollywood Roosevelt” зочид буудалд 1929 оны тавдугаар сарын 16-нд болсон бөгөөд ердөө 15 минут үргэлжилсэн байна. 1927-1928 онд шагналын эздийг 12 төрөлд шалгаруулдаг байсан бөгөөд ялагчийг шагнал гардуулахаас гурван сарын өмнө зарладаг байжээ. “Оскар”-ыг хүртсэн анхны жүжигчин бол Германы жүжигчин Эмиль Яннингс юм. Харин найруулагч Уильям Уэллмений бүтээсэн “Wings” /1927/ кино анхны шилдэг киногоор шалгарч байв. 1941 оноос хойш шагналын эздийг шагнал гардуулах ёслолын тайзнаас зарладаг болсон байна.


Оскарын наадмыг 54 дэх удаагаа шууд дамжуулж байгаа “ABC” суваг шагнал гардуулах ёслолыг шууд дамжуулах эрхийг 225 гаруй улсад өгчээ. “Оскар” гардуулах ёслол 2002 онд 4 цаг 23 минут буюу хамгийн удаан үргэлжилсэн бол хамгийн богинохон нь 1959 онд 1 цаг 40 минут үргэлжилж байжээ.

Холбоотой мэдээ