Хөрөнгө оруулагчдад үзүүлэх төрийн үйлчилгээ нэг дор төвлөрөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-02-25 15:48:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад ирж буй болон үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулагчдад нэг цэгээс үйлчлэх төв “Invest in Mongolia center” өнөөдөр үүдээ нээлээ.

Засгийн газрын II байр буюу ХНХЯ, УУХҮЯ-ны өөдөөс харсан Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн байранд байрлаж буй тус төвийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дуппел, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нар нээв. Нээлтийн ёслолд, олон улсын байгууллага, манай улсад суугаа ЭСЯ, бизнес, хөрөнгө оруулалтын байгууллагын төлөөлөл, мөн нэг цэгийн үйлчилгээнд хамрагдаж буй Улсын бүртгэл, татвар, Гадаадын иргэн харьяат, нийгмийн даатгал зэрэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдлага, албан хаагчид оролцлоо.





Төвийг нээж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ, “Гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлж буй төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг багасгаж, хөрөнгө оруулагчдад тулгардаг хүндрэлийг арилгаж, шуурхай, ил тод, нээлттэй үйлчлэх илүү таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс төрийн үйлчилгээг танхимын болон цахим нэг цонхоор үзүүлэх үндсэн зорилгоор байгуулан ажиллуулж эхэлсэн”-ийг тодотгов.

Өнгөрсөн онд манай улсад 1.9 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж иржээ. Хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхай руу чиглэсэн хэвээр байна. Гадны хөрөнгө оруулалтыг уул уурхайгаас өөр салбарт чиглүүлэх боломжийн талаар Гадаад харилцааны сайд хэлэхдээ, “Засгийн газраас хүнс, арьс шир боловсруулах үйлдвэрлэл, савхин эдлэлийн үйлдвэрлэлд хөрөнгө татахаар ажиллаж байгаа. Тухайлбал, махны экспортыг нэмэгдүүлж, 2018 оны махны экспорт 2014 оныхоос 30 дахин нэмэгдсэн. Хөрөнгө оруулагчдад тулгамддаг асуудал нь хөрөнгө оруулахад зах зээл байгаа эсэх асуудал. Монголын уул уурхайн дараагийн үсрэлттэй хөгжих салбар нь ХАА хэмээн үзээд энэ салбарт хөрөнгө оруулахыг санал болгосон. Махнаас гадна сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зах зээлийг тэлж байгаа” гэлээ.


Төвийн нээлтийн үеэр, Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөнтэй уулзахад, “Энэ төвд манай байгууллагаас 2-3 албан хаагч байнга сууж ажиллана. Эндээсээ Буянт-Ухаад байрлах манай төвтэй системээр холбогдож, мэдээлэл солилцон гадаадын хөрөнгө оруулагчид оршин суух зөвшөөрөл олгох, лавлагааг газар дээр нь олгох зэргээр үйлчилнэ. Нэг ёсондоо, хөрөнгө оруулагч гадаадынхан манай төв газар руу заавал явах шаардлагагүй болж байна. Энэ оны эхний байдлаар манай улсад 19 мянган хөрөнгө оруулагч бүртгүүлээд байна. Гадаадын хөрөнгө оруулагч нар нэмэгдсээр байна” гэсэн юм.




Нэг цэгийн төвөөс гадаадын хөрөнгө оруулагч нартай холбоотой хуулийн этгээдийн бүртгэл, оноосон нэрийн баталгаажуулалт, нэмэлт өөрчлөлт, лавлагаа, хөрөнгө оруулагчийн карт, тодорхойлолт авч болохоос гадна татвар, татварын бус дэмжлэгийн талаар хууль эрхзүйн зөвлөгөө, мэдээллээр хангаж, цахим системийн үйлчилгээ үзүүлэх юм. Төвийн нээлтийн үеэр, Үндэсний хөгжлийн газар, Дэлхийн банкны групп, ОУСК-ийн хооронд Хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, мөн Үндэсний хөгжлийн газар, Герман улсын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Тодруулбал, Үндэсний хөгжлийн газар, Дэлхийн банкны групп, ОУСК-ийн хооронд Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй Хөрөнгө оруулалтын бодлого, ХАА-н салбарт хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн шугамаар Монгол Улсын Хөрөнгө оруулалтын орчны шинэчлэлийн зураглал, судалгааны тайланг боловсруулаад байгааг мэдээллээ. Судалгааны тайланг 2018 онд хэвлэн гаргажээ.







Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны чиг үүргийг Үндэсний хөгжлийн газар хэрэгжүүлж эхлээд байгааг төвийн нээлт дээр мөн танилцуулсан юм. Тус газраас хөрөнгө оруулагчдын санал,  гомдлыг барагдуулах цахим систем төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Б.Болд

Гэрэл зургуудыг Б.Чадраабал

 

 

Холбоотой мэдээ