АНУ-ын хууль сахиулах байгууллага жил бүр 20 мянган дрон ашиглана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-02-25 17:13:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Мэдээлэл, технологийн үндэсний парк, “Hobby zone” ХХК, дроны томоохон үйлдвэрлэгч DJI нар хамтран “Enterprise Drone” буюу тусгай зориулалтын дронуудыг танилцууллаа.

Энэ үеэр дроны хөгжлийн чиг хандлага, ач холбогдол, хэрэглээний боломжуудын талаар хэлэлцлээ. Дрон технологийг өнөө үед энгийн хэрэглээнд ашиглахаас гадна тусгай зориулалтаар өргөн хэрэглэж байна. Тодруулбал, хүний үйл ажиллагаагаар тодорхойлох боломжгүй нөхцөл байдал, эрсдэлийг өндөр нарийвчлалтай тогтоож байна. Үүний зэрэгцээ энтертайнмент, ХАА, боловсрол, батлан хамгаалах, уул уурхай, үйлчилгээ, байгаль орчин хамгаалал, барилга, хот байгуулалт, зам тээврийн салбарт илүү өргөнөөр ашиглаж байна.


Дрон буюу алсын жолоодлогот нисэх төхөөрөмжийг анх 1933 онд АНУ “Хатан зөгий” нэртэйгээр зохион бүтээн цэргийн зориулалттай ашиглаж эхэлжээ. 1934-1943 он хүртэл Их Британийн хатан хааны тэнгисийн цэргийн нисэх хүчинд DH82A загварын “Барын цагаан эрвээхий” гэж нэрлэдэг радио удирдлагатай дроныг хэрэглэж байжээ. АНУ-ын байгууллагууд үйл ажиллагаандаа дроныг нэвтрүүлэх нь сүүлийн хоёр жилд 552 дахин өссөн байна. Мөн АНУ-ын хууль сахиулах байгууллагын мэргэжилтнүүд 2025 он гэхэд 20 мянган дроныг жил бүр ашиглалтад оруулах тооцоог гаргаад байна.

Холбоотой мэдээ