Зэрэг сум Улсын тэргүүний сумын шалгуур үзүүлэлтийг хангажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДБаруун бүсийн төв Ховд аймагт Баруун бүсийн таван аймгийн засаг дарга нар өнгөрсөн долоо хоногт 3 сарын 11-нд хуралдсан юм. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийн дагуу хоёр жил тутамд нэг удаа болдог ”Улсын тэргүүний сум” шалгаруулах асуудлыг баруун бүсийн зөвлөлийн хурлаар хэлэлцжээ.
Баруун бүсийн зөвлөлийн хуралд Ховд аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан,ЗДТГ-ын дарга Б.Батмөнх, Увс аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн, мөн аймгийн ЗДТГ-ын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга З.Ганболд, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дарьмен, Завхан аймгийн Улиастай сумын Засаг дарга хотын захирагч Т.Ренчинванжил нар оролцлоо.
Дээрх таван аймгийн сумдаас Завхан аймгийн Нөмрөг, Увс аймгийн Бөхмөрөн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Ховд аймгийн Зэрэг сумын “Улсын тэргүүний сум” шалгаруулах шалгуур үзүүлэлтийг хэлэлцсэн байна.
Баруун бүсийн зөвлөлийн хурлаас аймгийн сумдаас Ховд аймгийн Зэрэг сум шалгуур үзүүлэлтүүдэд шалгарч “Улсын тэргүүний сум”-ын болзол хангасан гэж үзэж Монгол Улсын Засгийн газарт уламжилсан байна. Зэрэг сум гуравдахь удаагаа “Улсын тэргүүний сум”-ын болзол хангаж байгаа ажээ.
Баруун бүсийн төв Ховд аймгаас 2007 онд Дарви сум Улсын тэргүүний сумаар шалгарч байсан бол 2014 онд тус аймгийн Үенч сум “Улсын тэргүүний сум”-аар шалгарч байсан юм.
А.Бямбасүрэн