Тээврийн хэрэгслийн гэрэлтүүлгийг шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг улсын хэмжээнд энэ сар дуустал шалгана гэж Тээврийн цагдаагийн алба мэдээллээ.
Энэ хүрээнд, АТҮТ-тэй хамтраад тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт хамрагдаж байгаа гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим, гэрэлтүүлэх хүч, үзэмж зэргийг шалгаад зөрчлийг арилгуулахаар ажиллах юм.
Зөрчилтэй тээврийн хэрэгсэлд Замын хөдөлгөөний дүрмийн болон Монгол Улсын авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлагад үндэслэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйлээр арга хэмжээ тооцно.
Зам тээврийн ослын 60 хувь нь техникийн
бүрэн бус байдлаас шалтгаалдаг тухай судалгаа бий. Иймд хөдөлгөөнд
оролцохоос өмнө тээврийн хэрэгслийнхээ бүрэн, бүтэн байдлыг шалгаж байхыг Тээврийн
цагдаагийн алба зөвлөж байна.