Дур мэдэн эм, бэлдмэл хэрэглэхгүй байхыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-03-17 13:11:08

МХЕГ-аас “Эмийн зохистой хэрэглээ” сарын аяныг ирэх дөрөвдүгээр сар хүртэл орон даяар зохион байгуулж байгаа билээ. Тус аяны хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эм зүйн алба, Чанар эмнэл зүйн албанаас өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.

Сүүлийн үед дотоодын үйлдвэрлэлээс гадна гадаадын олон орноос эмийн бүтээгдэхүүнийг 80 хувь нь импортоор, 20 хувь нь дотоодын үйлдвэрлэлээр хангах болсноор хүн амын эмийн хэрэглээ ихэсч байна. Энэ нь нэг талаас сайн мэт боловч нөгөө талаас эмийн зохисгүй хэрэглээ их болж иргэд онцын шаардлагагүй тохиолдолд ч эмийн бүтээгдэхүүнийг хоол унд шиг хэрэглэдэг болсныг эмч, мэргэжилтнүүд хэлж байна.

Мөн өвчин намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй парацетамол эмийг хүн бүр дур мэдэн хэрэглэдэг байна. Парацетамолын хортой нөлөө нь түүнийг архи, эсвэл элгэнд аюултай өөр эмүүдтэй цуг хэрэглэхэд илэрдэг аж. Тиймээс дур мэдэн эм хэрэглэхгүй байх, эмнэлгийн мэргэжилтэн, эмчид хандан анхан шатны тусламж үйлчилгээг авах талаар зөвлөлөө.

Өдөрлөгийн үеэр эм зүйч нар тус эмнэлгээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгч, иргэдийн цусны даралтыг хэмжиж, тэдний сонирхсон асуултад хариулт өгөв.

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн эм зүйч С.Буянжаргал хэлэхдээ, “Манай иргэдийн дунд ямар нэг өвчин туссан үедээ эмчид хандалгүй эмийг өөрсдөө дур мэдэн сонгон хэрэглэдэг, хэрэглэх зааврыг баримталдаггүй буруу дадал хандлага түгээмэл байна. Эм бол өөрийн дураар сонгон хэрэглэдэг бараа биш. Эмийн хэрэглэх заалт, тун нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчний байдлаас хамааран харилцан адилгүй байдаг тул мэргэжлийн бус хүмүүс өөрт тохирох эмийг тэр бүр зөв сонгон хэрэглэж чаддаггүй. Учир нь эмийн нэр төрөл маш олон, зарим өвчин эмгэг болон бага насны хүүхэд, жирэмсэн, хөхүүл үед хэрэглэхийг хориглосон эм ч олон байдаг. Сургалтын үеэр иргэд, үйлчлүүлэгчид “ханиаданд ямар эм сайн байна”, “хөл өвддөг, үе мөчинд хамгийн сайн эм хэлж өгөөч” гэсэн асуулт их тавьж байна. Хамгийн түрүүнд шинжилгээ өгөх хэрэгтэй. Эмчдээ хандан зовиураа хэлж, өөртөө тохирсон шинжилгээ өгч, шинжилгээний хариуг үндэслэн эм хэрэглэх хэрэгтэй” гэв.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ