"Дэм авьяастан" төвийн хүүхдүүд тайлангаа тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-27 12:42:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгуулагдаад 25 жил болж буй "Дэм авьяастан" төвд суралцагч хүүхдүүд өчигдөр ДБЭТ-ын алтан тайзнаа тайлангаа тавилаа. Авьяаслаг хүүхдүүд Улсын филармонийн симфони оркестртой хамтран тоглосон юм.

"Дэм авьяастан" төвд суралцагч хүүхдүүд дэлхийн сонгодог хөгжмийг эгшиглүүлэн хөгжим судлаач, хөгжмийн зохиолч, эцэг эхчүүдээсээ "онц" дүн авав. Хүүхдүүдийнхээ авьяасыг хөгжүүлж, хөгжмийн боловсрол олгоход их тус болж буйг эцэг эхчүүд ярьж,  "Дэм авьяастан" төвийн захирал Д.Наранцацралд баяр хүргэж байв. 

Тус төвийг Улсын филармонийн уран сайхны удирдагч, хөгжмийн удирдаач, МУУГЗ Н.Бүтэнбаяр анх санаачлан ажиллуулжээ.

МУСГЗ, хөгжим судлаач Д.Буянхишиг "Сонгодог хөгжмийн боловсрол бол хүүхдийг ухаалаг, тэвчээртэй, соёлч боловсон болгон хүмүүжүүлдэг. Дэлхийн язгууртнууд, баячууд хүүхдээ соёлтой, боловсон, хүнлэг, ухаалаг өсгөх гэж л сонгодог хөгжмийн боловсрол олгохын төлөө хөрөнгө мөнгөө зориулдаг шүү дээ. Манай улсад сүүлийн жилүүдэд сонгодог хөгжмийн боловсролыг хүүхэддээ олгох гэсэн эцэг эх олширлоо. Харин хөгжмийн сайн боловсрол олгодог газар нэн цөөн байна. Улсын хэмжээнд хөгжмийн багш,  сургагч гэхэд 1000 гаруйгаар дутуу байгаа. Өнөөдрийн хүүхдүүдийн тоглолт үнэхээр сайн байлаа. Хөгжмийг зүгээр тоглох бус хөгжмийн боловсролтой болж байгаагаа харуулж чадлаа" гэж үнэллээ.

Тоглолтын дараа  БСШУСЯ-ны удирдлагын мэндчилгээг ч "Дэм авьяастан" төвийнхөнд гардуулж талархал илэрхийлэв. 

Холбоотой мэдээ