“Монгол, Америкийн залуучуудын жил”-ийн нээлт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-02-27 15:23:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд залуучуудын оролцоог хангах зорилго бүхий “Монгол, Америкийн залуучуудын жил”-ийн нээлт өнөөдөр ГХЯ-нд боллоо.

“Монгол, Америкийн залуучуудын жил”-ийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечиски, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн удирдлагууд оролцлоо. 

Монгол, АНУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой 2017 онд тохиосон. Энэ үед хоёр орны холбогдох албаныхан 2019 оныг “Монгол, Америкийн залуучуудын жил” болгон зарлах ажлыг эхлүүлж, 2019 оны есдүгээр сард Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр эцэслэн тохиролцсон юм. Өнөөдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлж буй энэхүү жилийн хүрээнд хоёр орны залуусыг дунд соёл, урлаг, спортын тэмцээн болон эссэ бичлэгийн уралдаан, Фэйсбүүк форум зохион байгуулахаас гадна Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын инновацийн үйл ажиллагаатай холбоотой санал, санаачилгыг дэмжин хамтран ажиллах юм. Мөн АНУ-ын Нобелийн шагналтан, шилдэг залуу бизнесмен, венчур, хөрөнгө оруулагч, старт-ап компани үүсгэн байгуулагчдыг Монголд урьж туршлага хуваалцах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.


Энэ талаар ГХЯ-ны АНУ, Ойрх дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх, “Залуучуудын жилийн хүрээнд зохион байгуулах ажил, төслүүдийн хөтөлбөрийг баталсан. Удахгүй олон нийтэд нээлттэй танилцуулах болно. Дийлэнх ажлыг олон нийтийн сүлжээ буюу фейсбүүкээр дамжуулан хэрэгжүүлэх юм. Монголын нийт хүн амын 33 хувийг 15-34 насны залуус эзэлдэг. Эдгээр залуус гадаад оронд суралцах, өөрсдийн мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор тэтгэлэг хөтөлбөр, солилцоонд хамрагдах эрмэлзэлтэй байдаг. Тиймээс АНУ-д ажиллах, суралцах тэтгэлэгт хөтөлбөр, солилцоог гүнзгийрүүлэн хөгжүүлэх, залуусыг энэ чиглэлийг мэдээллээр хангахад гол анхаарлаа хандуулна. Үүний зэрэгцээ АНУ-ын залуу бизнес эрхлэгчдийг урьж, туршлага судлах уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна” гэлээ.


Мөн залуучуудын жилийн нээлттэй хамтатган “LEAD Alliance 2019” буюу “Ардчиллыг бэхжүүлэгч залуу манлайлагчид”-ын олон улсын III чуулга уулзалтын нээлтийг зохион байгууллаа. Энэхүү чуулга уулзалтад оролцохоор Бутан, Киргиз, Мьянмарын залуусын төлөөлөл иржээ. Оролцогчид өөрсдийн орны залуу манлайлагчдын нийгэм дэх оролцоо, туршлагаасаа хуваалцаж, байгаль орчин, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, ил тод байдал, авилгатай тэмцэх зэрэг асуудлаар санал солилцох юм. Дэлхий дахинд энхтайван байдлыг тогтоох, сайн сайхан ирээдүйг цогцлоохын төлөө залуус дуу хоолойгоо нэгтгэх нь чухал гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар чуулганы оролцогчдод уриаллаа.

Холбоотой мэдээ