Үр үржүүлгийн аж ахуйн нэгжийн гэрчилгээ гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэгч “Өгөөж Мандал уул” ХХК-д үр үржүүлгийн аж ахуйн нэгжийн гэрчилгээг гардууллаа.
Тус компанийн захирал П.Бямбацэрэн “Хөдөө аж ахуйн
корпораци, Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан энэ жил Дархан-144 сортын 153 тонн үр авч хавар тариалсан. Үүний үр дүнд 2400 тонн элит
үр бэлтгээд байна” хэмээв.
“Өгөөж Мандал уул” ХХК энэ онд 2800 га талбайд улаанбуудай тариалж, ургац хураалт ид өрнөж байна. Одоогоор 1800 га талбайн ургац хураан авсан бөгөөд дундаж ургац 24–28 центнер байгаа бол зарим талбайгаас 40 гаруй центнер хүртэлх ургац хураан авчээ. Харин өнгөрсөн онд тус компани механикжсан үтрэмийг ашиглалтад оруулснаар бүтээмжийг нэмж, хөдөлмөрийн ачааллыг багасгасан байна. Тухайлбал, өмнө нь 10 хүний хийдэг ажлыг 2 хүн гүйцэтгэх боломж бүрджээ. Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар 5000 га талбайг хашаажуулж, 210 мянга гаруй мод бүхий 30 км урт ойн зурвас байгуулсан нь хөрс хамгаалах, үржил шимийг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ.