С.Амарсайхан Нийслэлийн засаг даргын ажлаа хүлээн авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-02-27 20:10:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжилснаар, НИТХ-ын дарга С.Амарсайхан шинэ ажлаа өнөөдөр албан ёсоор хүлээн авав. Тэрээр өчигдөр болсон НИТХ-ын ээлжит бус VII хуралдаанд олонхын санал авч Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдсон юм.  

Түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар батламжлан томилсон захирамжийг Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулан ажлын амжилт хүсэв. Үүний дараа хотын Засаг даргын тамгыг түүнд Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан гардуулав. Ингэснээр С.Амарсайхан Засаг даргын үүрэгт ажлаа хүлээн авч, Улаанбаатар хот шинэ захирагчтай боллоо.

Тэрээр ажлаа хариуцлагаас эхэлнэ гээд, “Хийх ажил, шийдэх асуудлыг нийслэлийн иргэд оршин суугчид бид шат шатандаа сайн мэдэж байгаа учраас холоос хайхгүй. Агаар орчны бохирдол, замын түгжрэлийг багасгах, цаашлаад иргэдийн аюулгүй байдлыг хангах, хот төлөвлөлтийг зөв явуулах гээд олон асуудал бий. Энэ бүхнээс ажлаа эхлээд явна. Хотын ажил, амьдралыг мэддэг, ойлгож байгаа хүний хувьд цаг алдах асуудал байхгүй. Юу юунаас илүү хариуцлагаас эхэлнэ.


Хариуцлага бүх шатандаа асар сул, ёс зүй дорой байгаа. Төрийн албан хаагчид бүх шатандаа хариуцлагатай байж, төр захиргааны байгууллага бүтээлч ажиллаж чадвал нийслэлийнхний өмнө шийдэж болохгүй асуудал байхгүй.



Хариуцлагыг эхлүүлж байна гээд аливаа зүйлд туйлшрахгүй. Нийслэлийн төр захиргааны байгууллагын бүх шатанд төрийн албан хаагчийн хариуцлагыг сайжруулж, ёс зүйг өндөр түвшинд байлгах, ажлын гүйцэтгэлийг илүү үр дүнтэй, чанартай байлгахад хатуу шаардлага тавьж ажиллана” гэдгээ мэдэгдлээ.

“Илүү үр дүнтэй, түргэн шуурхай шийдэх ёстой ажлуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэх үүднээс бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэлтийг хийнэ. Хэн нэгэн албан тушаалтан, бүлэглэл, сүлжээнд зориулсан бус асуудлыг шууд шийдвэрлэх оновчтой зохион байгуулалтыг хийнэ. Мөн өнгөрсөн хугацаанд барьж ирсэн зарим уламжлалт арга барил, бодлого шийдлийн тогтлолцоог нийгмийн шаардлага, цаг үетэйгээ нийцүүлэн өөрчилнө.

Нийслэлийн бүх асуудлыг хормын дотор шийднэ гэж хоосон амлахгүй. Бүх зүйл дээр судалгаа тооцоотой, сүүлийн үеийн технологи дээр суурилсан, ухаалаг шийдэлтэй, шинжлэх ухаанчаар хандана. Хотын хөгжилтэй холбоотой олон асуудал дээр хуулийн хүрээнд шинэ жишгийг тогтоон, шинэлэг өөрчлөлт, шинэчлэл бүхий олон шийдэмгий алхмыг хийнэ” гэв.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Холбоотой мэдээ