ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Дундговь аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-02 17:46:33
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн Ч.Улаан, тус яамны Мал аж ахуй, бодлого зохицуулалтын газрын дарга Д.Батмөнх, Газар тариалангийн хэлтсийн ажилтан, Мал аж ахуй, бэлчээрийн хамгаалалтын асуудал хариуцсан ажилтан болон зөвлөхийнхөө хамт 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Дундговь аймагт ажиллалаа.

Сайд Ч.Улаан аймгийн удирдлагууд болон Хүнс хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчидтай уулзаж, Мандалговь хүнс, Ган-илч, ТЭББЭ зэрэг компанийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Мөн аймгийн Онцгой Байдлын газрын “Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв"-ийн үйл ажиллагаатай танилцаж, “Аюулаас сэргийлэх цогцолбор”-оор ард иргэдтэй шууд холбогдож, санал бодлоо солилцон тэдний асуултад хариулт өгчээ.  

Тэрээр “Аюулаас сэргийлэх цогцолбор”-оор иргэдтэй холбогдох үеэр “...Бидний хувьд иргэд та бүхэнтэй Аюулаас сэргийлэх энэ цогцолбороор холбогдохдоо давхар цаг агаарын аюултай үзэгдлээс амжиж сэргийлэх, анхааруулах энэхүү системийн үйл ажиллагаатай нарийвчлан танилцах зорилго агуулсан юм.  Дундговьчуудын эхлүүлсэн энэ ажлын эхлэл, туршлага бидний анхаарлыг зүй ёсоор татаж байна. Тиймээс зориуд төр засгаас анхаарч, бусад ижил төстэй аймаг, сумдад нэвтрүүлэх бодол байна...”  гэлээ.

Говь хээрийн бүсэд болдог цаг агаарын гэнэтийн аюулыг урьдчилан сэрэмжлүүлэх, бодит байдалд үндэслэн шуурхай мэдээг урьтаж бэлэн байдлаа хангахуйц хугацааны өмнө малчдад хүргэх, малчин мэдээлэгчтэй орон нутгийн мэдээлэл холбооны хэрэгслийг бий болгох зорилгоор Дундговь аймагт “Аюулаас сэрэмжлүүлэх цогцолбор” (АСЦ)-ыг анх 2005 онд Эрдэнэдалай суманд, 2009 онд Говь-Угтаалд, 2012 онд Мандалговь хотод тус тус байгуулсан ажээ.

Анх зөвхөн FM-107.5 –аар иргэддээ хүрдэг байсан бол энэ оны 1 дүгээр сараас эхлэн онлайнаар мөн шууд холбогдож, иргэдийнхээ асуусан асуултад хариулт өгөх, санал хүсэлтийг хүлээн авах боломжтой болсон юм.  

 

Холбоотой мэдээ