"Эмэгтэйчүүдийн дуу хоолой" зөвлөгөөнд 100 орчим хүн оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-06 10:55:42

Ховд /МОНЦАМЭ/ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Эмэгтэйчүүдийн дуу хоолой” сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Жаргалант сумын 12 багийн эмэгтэйчүүдийн төлөөлөл 100 орчим хүн оролцож, зорилтот болон ердийн гэр бүлийн амьдралын хэв маяг, нийгэм, эдийн  засгийн харилцаа,  охид,  эмэгтэйчүүдэд  тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй ярилцлаа.    

Энэ удаагийн зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Дэлхийн зөн Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Хөгжил политехник коллежтой хамтран "Хамтдаа оролцож, хамтдаа хөгжье" уриан дор  зохион байгуулснаараа онцлог байв.

Энэ үеэр хүн амын талаар төрөөс баримтлах бодлого, хүүхэдтэйгээ дотно харилцах, хүмүүжлийн эерэг арга, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам, эцэг эхийн хариуцлага, хүүхдийн эрх, хамгаалал, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. Мөн Ховд аймгийн орон нутгийн эмэгтэйчүүдэд үлгэр жишээ болж, санхүүгээ хэнээс ч хараат бусаар шийдэж яваа “Мөнхөд арвижих” дундын хадгаламжийн бүлгийн гишүүн эмэгтэйчүүд тэргүүн туршлагаасаа танилцууллаа.

Зөвлөгөөний хүрээнд 10 азтан шалгаруулж, “Хөгжил” политехник коллежийн захирал Б.Баярмаа азтан болсон бүсгүйчүүдэд үсчин гоо сайхны салонаар  үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхийн бичиг гардуулсан юм. Харин аймгийн ГБХЗХГ-ын зүгээс оролцогчдод дурсгалын зүйл гардууллаа. 

Тус зөвлөгөөний үр дүнд оролцогчид гэр бүлийн эерэг харилцаа, хандлага, эмэгтэйчүүдийн оролцооны тухай  шинэ мэдлэг, мэдээлэлтэй болсон юм. Ингэснээр нийгэм, гэр бүлийн аюулгүй, ээлтэй, чөлөөт орчинг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг зохион байгуулагчид онцлон хэлэв.    

 

Холбоотой мэдээ