Төв аймаг хөгжлөөрөө гуравт эрэмбэлэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Орон нутгийн хөгжлийн индекс тооцох аргачлалаар Төв аймаг 21 аймгаас 3 дугаарт жагссан байна. 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Засгийн газрын 20 дугаар тогтоолоор Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн, орон нутгийн хөгжлийг тооцох аргачлалыг шинэчлэн баталжээ.
Үндэсний хөгжлийн газраас "Орон нутгийн хөгжлийн индекс тооцох аргачлал"-ын дагуу боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, бусад дэд бүтэц, байгаль орчин, ДНБ, ядуурал гэсэн 8 үзүүлэлтээр орон нутгийн хөгжлийг тодорхойлжээ. Нийт 21 аймгийг энэ аргачлалаар хөгжлийн индексийг тооцоолжээ. Төв аймгийн сумдыг хөгжлийн индексээр тооцоход Зуунмод, Алтанбулаг, Лүн, Сэргэлэн, Баянхангай сумд эхний тавд орсон байна.
Орон нутгийн хөгжлийн ерөнхий түвшинг тодорхойлох, төсвийн
хөрөнгө оруулалтыг аймаг, орон нутгийн хөгжлийн бодит түвшинд тулгуурлан
оновчтой төлөвлөх зорилгоор “Орон нутгийн хөгжлийн индекс тооцох аргачлал”-ыг 1
дүгээр, “Орон нутгийн хөгжлийн индекс тооцоход шаардагдах мэдээлэл, тэдгээрийг
гаргах байгууллагын жагсаалт”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн
баталсан байна. Цахим мэдээллийн системд оруулсан хөгжлийн индексийн
мэдээллийг сум, аймаг, бүс тус бүрээр нэгтгэн боловсруулж тооцон, Орон нутгийн
хөгжлийн индексийг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан нийтэд зарлаж байхыг Үндэсний
хөгжлийн газрын дарга Б.Баярсайханд даалгажээ.