Н.Цэрэннадмид:Эрх зүйн хэлбэрүүдийг нэг бүрчлэн үзэж хянадаг байсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-08 23:41:58

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Олон сайхан хүмүүсийн эрхийн төлөө, тэдний жаргалтай, эрх чөлөөт сайхан амьдралын төлөө өөрийн оюун ухаан, бие сэтгэлээ зориулан явсан Прокурорын байгууллагын анхны эмэгтэй аймгийн ерөнхий прокурор, энэ байгууллагадаа тасралтгүй 36 жил ажилласан гээд тодотгох зүйл олонтой ахмад прокурор Н.Цэрэннадмид гуайн ярилцлагыг хүргэж байна.

Тэрээр хүнд хүчир амаргүй мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, Сэлэнгэ аймгийн прокуророор ажиллахдаа олон сайхан залуу прокурор, ажилтнуудыг хяналтын ажилд сургасан ачтай нэгэн аж. Насан буурал болсон ч одоо хэр ажлаа хийсээр зөвлөж, сургаж, яваа энэ хүнээс суралцах зүйл их бий бизээ.  


-Юуны өмнө танд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамаалах өдрийн мэндийг хүргэе?

-Баярлалаа. Та бүхэндээ ч бас энэ сайхан баярын өдрийн мэндийг хүргэе.

-Та ажлын анхны гараагаа эхэлж байсан үеэ дурсаач. Энэ салбарт тасралтгүй 36 жил ажилласан гэлээ. Хичнээн жилийг нь Сэлэнгэ аймагт өнгөрүүлэв дээ. Та чинь бас Монголын прокурорын байгууллагын анхны эмэгтэй гэж сонслоо?

-Тиймээ. Би анхны эмэгтэй аймгийн ерөнхий прокурор хүн. 1966 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетын Хууль зүйн ангийг төгсөөд, Улсын Ерөнхий прокурорын газрын Шалган зааварлах хэлтсийн хяналтын прокуророор томилогдон, ажил, амьдралын гараагаа эхэлж байлаа. Энэ байгууллагадаа тасралтгүй 35 жил ажиллажээ. Үүнээс найман жил нь Сэлэнгэ аймгийн Ерөнхий  прокуророор  ажилласан байна. Тэр үед  аймгийн прокуророор ажиллаж байсан эмэгтэй прокурор байхгүй байлаа. Н.Сүрэн прокуророос аймгийн прокурорын ажлыг нь хүлээж авч байв. Ирээд  мэдээ тайлан гаргахад бүртгэл хэрэгтэй гэж үзээд хяналтын  чиглэл бүрээр бүртгэл гаргаад хуваагаад бүртгэдэг болсон. Тэр үед Хөтөл суманд шүүх байгуулагдсан. Тэнд прокурор байхгүй болохоор ажилд хүндрэлтэй байлаа. Улсын Ерөнхий прокурорт байдлыг танилцуулж, өдөр бүр шахуу ярьж, ойлгуулсны үр дүнд Хөтөл суманд сум дундын прокурорын газар байгуулахаар болж, анхны прокуророор одоо Орхон аймгийн прокурорын газарт ажиллаж байгаа Ч.Сэлэнгээг томилуулан явуулж байлаа.

-Прокурор гэдэг ажил маш хариуцлагатай, үнэн мөний төлөө тууштай зөв шийдвэр гаргахгүй бол нэг л үзэгний үзүүрээр хүний хувь заяа шийдэгддэг маш хүнд хэцүү ажил гэж боддог. Ялангуяа энэ дээд шатанд ажиллана гэдэг тухайн хүнээс маш их тэвчээр, мэдлэг, ухаан шаарддаг байх даа?

-Прокурорын байгууллагын дээд шатны прокуророор ажиллана гэдэг прокурор бүрийн хийж чадах ажил биш л дээ. Бусдадаа хүлээн зөвшөөрөгдсөн, бүх хяналтын чиглэлээр дадлагажсан,  зохион байгуулах чадвартай, дээд шатны прокуророор ажиллах хуулийн шаардлага хангасан прокурорууд л энэ дээд шатны прокурорт томилогддог юм.

-Сэлэнгэ аймгийн прокурорын газар таныг ажиллах байх үед системдээ ажлаараа олон ч удаа шалгарч байсан гэж сонссон. Тэр үеийн ажлын туршлагаасаа та хуваалцаач?

- Бид нарыг ажиллаж байхад ч прокурорын газруудыг ажлаар нь байр эзлүүлдэг л байсан. Түрүүлсэн, шалгарсан байгууллагуудын ажлын туршлагыг нь  судалж, хяналтын ажлын үзүүлэлтийг байнга харьцуулан, цаашдаа ямар ажил хийх үү гэж төлөвлөн шахаж, шаарддаг байлаа. Би прокуроруудын гаргаж байгаа эрх зүйн хэлбэрүүдийг бүгдийг нь нэг бүрчлэн үзэж хянадаг байсан.

-Та одоо нотариатын байгууллагад ажилласаар л байгаа. Таны хүүхдүүдээс  мэргэжлийг тань өвлөсөн хүн бий юу. Та аль нутаг усны хүн бэ?

-Би 2000 онд тэтгэвэртээ гарснаас хойш нотариат хийж байна. Тэтгэвэрт гарсныхаа дараа аймагтаа хүчирхийллийн эсрэг төвийн ажлыг хариуцаж, цалин хөлсгүй нэг жил шахам хугацаанд ажилласан. Дараа нь өмгөөлөгчийн шалгалт зарлагдахад өөрөө бэлдэж, шалгалт өгсөн. Мөн урьд нь хамт ажиллаж байсан н.Намсрайжавын урилгаар нотариатын шалгалтанд орооч гэхээр нь гурав хоног бэлдээд, тэнцсэн юм. Өмгөөлөгчийн шалгалт өгөөд нэг жил болоод нотариатч болсон. Одоо 17 жил ажиллаж байна. Нотариатын шалгалт  их хүнд байсан. Шалгалтад уначих вий гэж их эмээж байж билээ. Манайх гурван хүүхэдтэй. Нэг охин маань хоёр жил прокурорын байгууллагад ажилласан. Одоо Хилийн цэргийн 101 дүгээр ангид шалгагч хийж байна. Би чинь Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат. Нөхөр маань Сэлэнгэ аймгийн харьяат. Сэлэнгэ аймагт томилогдон ирснээс хойш энэ нутагтаа суурьшин ажиллаж, амьдарч байна даа.

-За тэгээд, туршлага, дадлага, мэдлэг зузаан буурал прокуророос залуу үеийнхээ мэргэжил нэгт нөхөддөө хандаж юу хэлэх бэ?

-Прокурор хүн сайшаал магтаал, гавьяа шагнал авах гэж энэ ажлыг хийдэггүй. Ар гэр, амьдрал ахуйгаа орхиод  ажлын төлөө л гэж зүтгэж байдаг. Харин  гаргасан алдаа нь бага гэлтгүй хүний хувь заяатай холбоотой байдаг. Бидний гаргасан алдаа зөрчил "прокурор" гэдэг нэрийг сэвтээж байдаг. Иймээс залуу үе маань "прокурор" хэмээх нэр хүндээ хайрлаж, хамгаалж яваарай л гэж хэлье.

Ахмад прокурор Н.Цэрэннадмид гуайн энгэрт “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Хууль зүйн тэргүүний ажилтан, Прокурорын тэргүүний ажилтан болон бусад ойн медалиуд гялалзах харагдах нь түүний хөдөлмөрийг төр засгаас хэрхэн үэнэлсэнийг гэрчлэх мэтээ.

Эмэгтэй хуульчид тэр дундаа прокурор бүсгүйчүүд маань олны өмнө ил гараад байдаггүй ч хүчирхэг хүмүүс билээ.  Хийж байгаа ажил нь тэднийг хүчирхэг байхыг ч шаарддаг байна. Монгол төрийн  прокуроруудын 52 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж. Эндээс харахад хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, шударга үнэнийг тогтоох амаргүй ажлын тэн хагасаас илүүг бүсгүйчүүд үүрч явна.

 

Холбоотой мэдээ