МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн хурал түр хугацаагаар завсарлаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-03-07 19:28:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон “UFC групп”-ийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин шинэ ажилдаа ороод удаагүй байна.

Тэрээр “Майдар эко хот” төслийн талаар болон тус хотын бүтээн байгуулалтын ажилд МҮХАҮТ хамтран оролцох талаарх уулзалтаар ажлаа эхэлжээ. Харин Танхимын Удирдах зөвлөлийн тухайд шинэ даргатай болсны дараа анхны хурлаа хийсэн боловч тодорхой хугацаагаар түр завсарлах буюу дахин хуралдахаар болоод байгаа аж. Хурлаар Танхимын удирдах багийг дахин сонгох эсэх, Удирдах зөвлөлийн дүрэм, гишүүдийн талаар хэлэлцэх юм.

МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд нийт 52 аж ахуйн нэгж, 21 аймгийн Салбар Танхимын дарга нар ордог бөгөөд тус зөвлөлөөс Танхимын Тэргүүлэгчид болон гүйцэтгэх удирдлагын баг болох МҮХАҮТ-ын дарга, орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгодог дүрэмтэй.



2019-2022 онд Танхимын бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч явах удирдлагаар сонгогдсон “UFC групп”-ийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин өнгөрсөн долоо хоногт болсон МҮХАҮТ-ын ХХ Их хурлын төлөөлөгчдөд хандаж хэлсэн үгэндээ “Бизнесийн орчинг мэдрэхгүй, ачааны хүндийг үүрч үзээгүй, улс төр, нам эвслээр явсан гэх мэт Танхимаас хол хөндий хүн энэ суудалд очвол байдал өнөөдрийнхөөс ч дордох эрсдэлтэй. Миний хувьд, Танхимтай хориод жил хамтран ажиллаж байна. Бизнесийн эрх ашгийг хамгаалах зорилготой ТББ-уудыг нэгтгэх, үйл ажиллагааны хувьд нэгдмэл болгоход анхаарна. Танхимын хуулийг гадаад улс орнуудын сайн жишгээр Монголын бизнесийн орчинтой нийцүүлж өөрчилнө" гэдгээ мэдэгдсэн юм.

Тэрээр, МҮХАҮТ-ыг судалгааны институци болгож, стратеги судалгаа, зах зээлийг судалдаг, бодлого тодорхойлогчдыг мэдээллээр хангадаг байгууллага болгох зорилтыг тавьж буйгаа мөрийн хөтөлбөртөө тусгасан юм.

Холбоотой мэдээ