Гамшиг, эрсдэлийн 18 төрөл байдгаас 13 нь Дундговь аймагт гарах магадлалтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-11 11:14:16
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой байдлын газраас хэлтэс, агентлагийн удирдлагуудад гамшгийн нөхцөл байдал, шалтгаан, гамшгаас урьдчилан сэргийлэх асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ОБГ-ын дарга дэд хурандаа М.Адъяабаатар улсын хэмжээнд гарсан гамшиг, осол, учирсан хохирлын талаарх тоо баримт болон өнгөрсөн онд улсын хэмжээнд гарсан томоохон гамшиг, осол, түүний шалтгаан нөхцөл байдлын талаар танилцуулсан юм.

Тэрээр мэдээлэл хийх үеэр “Гамшиг, осол нь ихэвчлэн хүний санамсар, болгоомжгүй байдал, буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж гарч байна. Ер нь гамшиг, эрсдэлийн 18 төрөл байдаг. Түүнээс 13 нь манай аймагт гарах магадлал байна. Харин энэ гамшиг, байгалийн давагдашгүй хүчин зүйл үүсэхэд манай байгууллагууд, удирдлагууд, хүн ам маань бэлэн байж чадаж байгаа бил үү, энэ талаар сайн бодож, дүгнэлт хийх хэрэгтэй” хэмээн сануулаад, цаашид ойрын хугацаанд хийх үйл ажиллагааны  талаар мэдээлэл өгчээ.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 339, 340 тоот тогтоолын дагуу улс орон даяар 3 дугаар сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гаригийн 16 цагт гамшгийн дохио дуугарахтай холбогдуулж, ирэх 7 хоногоос эхлэн бэлтгэл ажлыг ханган ажиллах аж.

Гамшгийн дохио нь газар хөдлөлтийн үед онцгой комисс хэрхэн яаж ажиллах, айл өрх, иргэд, юу хийх талаар мэдлэг олгож, дадлагажуулах зорилгоор дуугардаг.

Дундговь аймгийн Сайнцагаан суманд гамшгийн дохио 3 байдаг хэдий ч нэг нь ажиллагаагүй, харин 2 нь сумынхаа бүх нутаг дэвсгэрийг хамран, бүх хүнд хүрч сонсогддоггүй, хүчин чадал нь муу ажээ. Тиймээс шинээр хүчин чадал сайтай гамшгийн дохиотой болох хэрэгцээтэй байгааг дэд хурандаа М.Адъяабаатар онцоллоо. 

Холбоотой мэдээ