Алт тушаах нь багасжээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-03-11 10:33:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас мэдээлснээр, тус банкны Эрдэнэсийн сан өнгөрсөн хоёрдугаар сард 84.1 кг алт худалдан авчээ.

Энэ нь Төвбанк өмнөх оны мөн үед 438.6 кг алт худалдан авч байсантай харьцуулахад 354.5 кг-аар бага буюу алт худалдан авалт 81 хувиар буурсан байна. Мөн хугацаанд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9.5 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2.3 кг алтыг тус тус худалдан авчээ.


Энэ оны хоёрдугаар сард нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 111.748.31 төгрөг байв.


Энэ дашрамд дурдахад, 2014 оны нэгдүгээр сараас энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь байсан юм. Гэвч энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дээрх хувь хэмжээний үйлчлэл дуусаж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2014 оны буюу таван хувь болсон.


Улмаар алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5 хувийг нэмж, нийт 5-10 хувиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ноогдуулж алт олборлогч байгууллага, иргэдээс худалдан авч байна. 2019 оны хоёрдугаар сард алтны зах зээлийн үнэ 1300 ам.доллараас дээш байсан тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 10 хувьтай байв.

Энэ оны хоёрдугаар сард нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 111.748.31 төгрөг байв.

 

Холбоотой мэдээ