Ховд аймгаас 20 гаруй оюутан, сурагч ОХУ-д Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-11 17:38:25

Ховд /МОНЦАМЭ/ “Монгол Улсын баруун бүс-Оросын боловсролын анхдугаар үзэсгэлэн”-г Ховд аймагт зохион байгуулж байна.




Ховд аймгийн ЗДТГ, БСУГ, Ховд Их сургууль, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн дэргэдэх Орос хэлний төвийн Ховд аймаг дах салбар хамтран “Монгол Улсын баруун бүс-Оросын боловсролын анхдугаар үзэсгэлэн-2019”-г энэ сарын 11,12-ны өдөр зохион байгуулж байна.  

Монгол Улс, ОХУ-ын найрамдалт  хамтын ажиллагааны хүрээнд Ховд аймагт анх удаа зохион байгуулж буй тус үзэсгэлэнд ОХУ-ын Алтайн хязгаар, Алтайн БНУлсБНТува улсын 6 их, дээд сургуулийн төлөөлөл оролцож, сургуулийнхаа үйл ажиллагаа, элсэлт авах журам, тус улсад Засгийн газрын тэтгэлэгтэй суралцах боломжуудын талаар танилцуулга мэдээлэл хүргэж байна. 

Оросын боловсролын үзэсгэлэнг одоогийн байдлаар орон нутгийн их сургууль, коллежийн оюутнууд болон Жаргалант сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн 13 бүлгийн 300 гаруй сурагч үзэж сонирхлоо.

Сүүлийн 3 жилийн байдлаар Ховд аймгаас 20 гаруй оюутан, сурагч ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамран, хүссэн мэргэжлээрээ амжилттай суралцаж байна. Цаашид оюутан, сурагчид бакалавр, магистр, аспирантурт суралцах бүрэн боломжтой гэж зохион байгуулагчид онцлон хэллээ. 

Аймаг, орон нутгаас оюутан сурагчдын орос хэлний мэдлэг чадварыг дээшлүүлэх, сургалтын чанарыг сайжруулахад анхаарч, сургалтын танхимыг тусгайлан тохижуулахаар төлөвлөж байгаа гэнэ.



Энэ удаагийн боловсролын үзэсгэлэн нь Монгол-Орос хоёр орны хил орчмын хамтын ажиллагааг боловсролын салбарт өргөжүүлж, чанартай боловсрол эзэмшүүлэн, чадварлаг боловсон хүчнийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой аж. 

 

 

 


Холбоотой мэдээ