Тайпэй хотын хараагүйчүүдийн нийгэмлэг 200 таяг хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-03-12 11:56:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайванийн Тайпэй хотын Шуан Лиэнь хараагүйчүүдийн нийгэмлэг болон Тайпэй хотын Сунрэн Ротари клубээс хараагүй хүнд зориулсан 200 ширхэг таяг илгээжээ. Тэдгээрийг Монгол дахь Тайванийн төлөөлөгчийн газар Монголын хараагүйчүүдийн нийгэмлэг,  Хараагүйчүүдийн сургалт үйлдвэрлэлийн төв болон бусад холбогдох байгууллагад өнөөдөр хандивлав.


Энэ үеэр, Монголын Хараагүйчүүдийн нэгдсэн холбооны тэргүүн Д.Гэрэл: Эдгээр таяг нь LED гэрэлтэй, дуут дохио өгдөг зэрэг давуу талтай учир хараагүй иргэдийн аюулгүй байдалд ач тустай юм. Тайваниас Монголын хараагүй иргэдэд шинжлэх ухаан технологийн дэмжлэг үзүүлж санаа тавьж буйд талархаж байна.


Сангийн Удирдах зөвлөлийн дарга Чиэнь Хуй: Өнгөрсөн жилийн зургадугаар сард Тайпэй хотын Сунрэн Ротари клубын санаачилсан “Монгол Улс дахь олон улсын эрүүл мэндийн үйлчилгээ” төслийг олон улсын Ротари сангаас дэмжсэн тул сул хараатай иргэдийн харааг оношлох мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн юм. Монгол Улсын хараагүй иргэдийн тоо харьцангуй их. Тайваньд энэ чиглэлээр ажилладаг байгууллага, хүмүүс туршлагаасаа хуваалцах боломжтой. Энэ удаагийн хандив нь хоёр талын хараагүйчүүдийн холбооны хамтын ажиллагааны эхлэл бөгөөд цаашид улам өргөжнө гэдэгт найдаж байна.


Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Хуан Куо Рун: Тайпэй хотын Сунрэн Ротари клуб 2016 оноос эхлэн гурван жилийн турш “Монгол Улс дахь олон улсын эрүүл мэндийн үйлчилгээ” төслийг хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд нүдний өвчний эмчилгээ, хараа сэргээх дасгал, АШУҮИС-д сул хараатай иргэдийн төвийг байгуулах зэрэг ажлыг явуулсан нь Тайвань хүмүүсийн халуун сэтгэлийн илэрхийлэл болж эмчилгээ үйлчилгээнд хил хязгаар байхгүй гэдгийг харуулж байна.

Холбоотой мэдээ