Холимог тулааны тамирчин К.МакГрегор баривчлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2019-03-12 13:39:06

ВАШИНГТОН. /BBC/. Холимог тулааны тамирчин Конор МакГрегор АНУ-ын Флорида муж улсын Майами хотноо баривчлагдсан байна. Тэрбээр зургийг нь дарахыг оролдсон шүтэн бишрэгчийнхээ гар утсыг эвджээ.


Ирландын тулаанчийг дээрэм хийсэн, хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан хэрэгт буруутгасан гэж цагдаагийн төлөөлөгч мэдээлсэн байна.


Цагдаагийн газрын мэдэгдэлд тэмдэглэснээр, К.МакГрегор зураг дарахыг оролдсон шүтэн бишрэгчийнхээ гарыг алгадан утсыг нь газарт унагаж, хэд хэдэн удаа дэвсэн эвдсэний дараа яваад өгсөн аж. Хохирогчийн утас ойролцоогоор 1000 ам.долларын үнэтэй байжээ.


Өнгөрсөн онд К.МакГрегор шүүхийн шийдвэрийн дагуу уураа барих сургалтад хамрагдаж, таван хоногийн турш нийгэмд тустай ажил хийж байсан юм.


Хоёр жингийн аварга асан тэрбээр өнгөрсөн оны 10 дугаар сард Хабиб Нурмагомедовтой хийсэн сүүлийн тулаандаа ялагдсанаас хойш спортдоо эргэн ирэх зорилгоор Флорида муж улсад бэлтгэл хийж байжээ. 

Холбоотой мэдээ