Исланд-хамгийн цэвэр агаартай улс

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-03-12 14:54:34

МОСКВА. /RIA Novosti/. “Greenpeace” олон улсын байгууллагаас "AirVisual" компанитай хамтран гаргасан хамгийн цэвэр агаартай улсуудын жагсаалтыг Исланд тэргүүлж, Финланд улс удаалжээ. Жагсаалтын эхний тавд Эстони, Швед болон Австрали улс орсон байна.


Уг жагсаалтыг гаргахдаа мэргэжилтнүүд дэлхийн 73 улсын агаарын чанарыг харьцуулж, тухайн улс, хотын агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцрын дундаж хэмжээг тогтоожээ. Энэ бол хүний эрүүл мэндэд хамгийн хортой тоосонцруудын нэг юм. Өчүүхэн жижиг хэмжээтэй тоосонцрууд амьсгалын замаар дамжин уушгины цулцанд хүрч удаан хугацаагаар байдаг бөгөөд харшил, хорт хавдар зэрэг янз бүрийн өвчин үүсгэдэг гэж мэргэжилтнүүд тайлбарласан байна.


Хамгийн бохир агаартай улсуудыг Бангладеш, Пакистан болон Энэтхэг тэргүүлжээ. Монгол Улс энэ жагсаалтад Бахрейн улсын дараа зургадугаарт орсон байна.



Холбоотой мэдээ