Алдарт дуучныхаа төрсөн бууцанд гэрэлт хөшөө босгохоор шав тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-13 11:22:13
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Намжилын Норовбанзад агсны гэгээн дурсгалд зориулан  төрсөн бууцанд нь гэрэлт хөшөө босгохоор шав тавьжээ.

Н.Норовбанзад Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг Сүүдэртийн улаан овоо хэмээх газарт төрсөн.

Дундговь аймгийн ЗДТГ-аас ирэх наймдугаар сарын 9-11-нд Их газрын чулууны Байгалийн задгай театрт "Уяхан замбуутивийн наран" ардын урлагийн их наадам зохион байгуулах ба тус наадамд бэлтгэх ажлын хэсэг, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Пунцагийн Цэгмидийн хамт Н.Норовбанзад агсны төрсөн бууцанд очиж ийнхүү шав тавьжээ.

2006 онд тус аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Их газрын чулууны ууланд морин хуурч, уртын дуучдад зориулан “Байгалийн задгай театр”-ыг байгуулсан төдийгүй тус театрын дэргэд Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад нарын нэр алдрыг мөнхжүүлэх зорилгоор гэрэлт хөшөө босгосон байдаг.

Ирэх 8 дугаар сард энэхүү Задгай театрт зохион байгуулах “Ардын урлагийн их наадам”-ын үеэр Дуу хуурын өлгий Дундговь нутаг 3000 морин хуурч, уртын дуучийн тоглолтыг үзүүлэхээр зорилт тавьжээ.  

Холбоотой мэдээ